Монголчуудын сүүлийн 20 гаруй жилд хийсэн орон нутгаас төв рүү, нийслэлээсээ харийн орнуудыг чиглэсэн "Их нүүдэл" улс орондоо хөгжил, дэвшлийг авчирсан болов уу...?
  Өнгөрсөн зууны сүүлийн 10 жил, шинэ зууны эхний 10 жилийг дамнан үргэлжилсэн энэ "Их нүүдэл" монголчуудад эерэг, сөрөг олон ур дагаврыг авчирсан болохыг хүн бүхэн өөр өөрсдийн ахуй орчин, ажил, амьдралтай холбон дүгнэлт өгөх нь тодорхой.
  Хоёр зууныг дамнаж өнгөрсөн 20 жил хүн төрөлхтөнд чамгүй их хөгжлийг авчирч, нийгмийн болон техник, технологийн шинэ шинэ дэвшил, өөрчлөлтүүд гарсан билээ. Монгол Улсын хувьд ч дэлхий дахинд өөрийгөө таниулах, дэлхийн улс орнуудтай хөгжлийн төлөө, энхийн төлөө хамтран ажиллах таатай боломжууд гарч нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн он жилүүд байсан. Өнөөдөр ч энэ харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлсээр байна.
  Гурван сая хүрэхгүй хүн амтай, өргөн уудам нутагтай, арвин их эрдэс баялагтай Монгол Улсад үсрэнгүй хөгжлийг авчрах олон боломж байгаа ч монголчууд бидэнд үндэсний цогц бодлогоо тодорхойлж, иргэн бүхний хөгжлийн төлөө эрхэмлэн хэрэгжүүлэх нэгдмэл чин зорилго үгүйлэгдсээр байна...
  Өнөөдөр ямар ч нам, төр засаг байсан эн тэргүүн зэрэгт тавих асуудал нь Монгол хүний эрүүл мэнд, амьдралын баталгаа байх ёстой. Харин бид  эрхэм чухал энэ асуудлаа орхигдуулсаар 2012 онтой золгоод байгаа нь нууц биш. Хүн амын эрүүл мэнд, амьдралын баталгаа болсон эрүүл хоол, хүнс, үнэлэмж өндөртэй ажлын байр, цэвэр байгаль орчинг бүрдүүлэх бодлого, зорилтууд цаасан дээрээс бууж бодит амьдрал дээр хэрэгжихгүй л байна. Гэрэлтэй сайхан ирээдүй харагдаж байна, удахгүй ажилтай, мөнгөтэй болно гэж төр нь амласаар, цаг хугацаа урсан одсоор л... Жирийн ард иргэдийн төр засгаасаа харах энэ их хүлээлт нь цөхрөл, ядуурлыг дагуулсаар л "Туулай жил"-ийг үдэж "Луу жил"-ийг угтах гэж байна.
  Уул уурхайгаас монголчууд асар их ашиг олж, Монголд үсрэнгүй хөгжлийг авчирна хэмээн Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нь болчихоод байгааг яалтай. Төрсөн газар нутаг нь цөлжиж, хүн амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг нэг сая 200 мянгад хүргээд байна. Өнөөдөр энэ байдал нь  5-6 аймгийн хүн амтай дүйцэх хүн амыг Монгол Улсын нийслэлд төвлөрүүлж, Улаанбаатарыг "Их нүүдэл"-д дарагдсан хуаран хот болгоод байна.
  Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан амьдрах болсон. Эсгий гэр, банзан хашаагаар хүрээлэгдсэн Улаанбаатар ХХI зууны өвөрмөц хот болж "Гиннесийн ном"-д бичигдэхээр содон дээд амжилтыг тогтоогоод байгаа. Бас дэлхийн хамгийн хамгийн утаат хот гэдгээрээ ч Гиннесийн дээд амжилтыг тогтоох нь тодорхой боллоо. Энэ бол "Их нүүдэл"-ийн бодит үр дүн.
  Нэг цэгт буюу нийслэлдээ төвлөрөөд байгаа "Их нүүдэл"-ийг саармагжуулахад тэргүүн ээлжинд Улаанбаатарын дагуул хотуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Оюутны хот буюу их дээд сургуулийг цогцоор нь хот болгож нийслэлээс гадагш гаргах. Арьс шир боловсруулах, ноос ноолуур, зам, барилгын гэх мэтээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбар төрлөөр нь ангилж дагуул хотуудыг байгуулж ч болох юм. Өөр олон гарц байж л байгаа. Дэлхийн жишгээр, монголын шинэхэн тэрбумтан баячуудаараа үлгэр жишээ орчин үеийн хотыг өргөн уудам нутгийнхаа хаа нэгтээ байгуулах ч боломж нь нэгэнт бий болсон.  Ямартай ч төвлөрлийг сааруулахад тодорхой хөрөнгө гаргаж шийдвэрлэх цаг нь ирээд байна.
  Цөөхөн монголчууд бидэнд өргөн уудам газар нутгийнхаа хаана нь ч сайхан амьдрах хөрөнгийн эх үүсвэр нь бүрдээд байхад одоо л шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд, эрдэмтэн, мэргэд нь оюун ухаанаа уралдуулан хамгийн оновчтой шийдлийг гаргаж Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалж ажилтай, орлоготой, аз жаргалтай болгоё!

          Хөгжлийг хөтлөгч нь ийм байх гэж үү?

  Монгол Улсын хөгжлийн түүчээ, хөтлөгч болсон Улаанбаатар хот, улаанбаатарчуудын хөгжил, ахуй амьдрал нь өнөөдөр ямар байгаа билээ. Утаа, авто замын түгжрэл, бөглөө, хог новш, харанхуй гудамж танд хамгийн түрүүнд төсөөлөгдөх нь лавтай. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээдэг нийслэлийн гэр хороолол нь уул толгод даван тэлсээр хотыг хот биш хуаран болгож орхисон. Тиймээ, гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн эсгий гэр, банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүд халдварт болон халдварт бус өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн. Энэ бол Улаанбаатарт нүүрлэсэн утаа, тоос, үнс, хог шорооны бохирдлоос л бий болсон гамшиг яах аргагүй мөн. 
   Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр олон жил болж байна. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлыг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулдаг нь олон улсын болон манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар нотлогдсон.
   Тухайлбал, Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален өөрийн хийсэн судалгааг танилцуулахад Улаанбаатарын утаанаас болж нийслэлийн хүн амын 10 хүний нэг нь нас барж магадгүй байна гэсэн сэтгэл эмзэглэмээр дүгнэлтийг хэлж байна. Манай улсад эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр амьсгалын замын эрхтэний өвчлөл нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт орж байна. 
  Улаанбаатарын утааг олон жил ярьж байгаа ч төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс нүд, чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Жилийн жилд утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжсөн нөхөдтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцохгүй байдаг нь ч хачирхалтай.
  Монгол Улсын Ерөнхийлөгч, нийслэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд байна! гэж анхааруулсны дараа л нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Олон жил утаан дунд хахаж, цацаж яваа нийслэлчүүд энэ өвлөөс Улаанбаатарын утааг гамшгийн байдлаас нь бүрмөсөн биш юм гэхэд дор хаяж 10-30 хувь бууруулна хэмээн төр засаг, НЗДТГ-аас тооцоолж өнгөрсөн хавраас эхлэж олон зорилт дэвшүүлж, чамгүй хөрөнгө гаргасан. Идэр гурван ес эхлээд байгаа энэ өдрүүдэд хотын утаан хөшиг өмнөх жилээс буурчихлаа гэж хэлэх аргагүй л байна. Харин хайран мөнгө гэж халаглах хүн, айл өрхүүд цөөнгүй байгаа нь нууц биш. Харин чимээгүй утаан тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл энэ жил ч буурахгүй байна. Олон жил утаа зооглосон нийслэлчүүдээс цөөнгүй хүн хавдраар өвчилж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байгаа нь бодит үнэн.
   Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр "Хотын утаа"гамшигт аюул болж нийслэл хотыг минь нөмөрдөг уламжлалыг энэ өвөл бага боловч бууруулсан хэмээн Ерөнхий сайд УИХ-ын индэрээс хэлсэн. Хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тоо баримт ч дурдсан. Ямартай ч утааг бууруулах талаар тодорхой дэвшил гарч байгаа нь сайшаалтай. "Өргөс" авсан мэт хотын утаа нэг мөсөн арилахгүй нь лавтай. Харин эхлүүлсэн энэ ажлаа үргэлжлүүлээд бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал.
          
           Утаанаас хурдтай гамшиг бол цөлжилт...
   
  Өнөөдөр улс оронд минь утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрсэн олон асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Тухайлбал, утаанаас хурдтай тархаж байгаа гамшиг бол байгаль орчин болон хөрс, усны бохирдол, цөлжилт гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Өнгөрсөн 10 гаруйхан жилд бидний зөвхөн өнөөдрийнхөө ашгаа харж, ямар ч бодлогогүйгээр уул ус, гол мөрөн, газар нутгаа ухаж төнхсөн эрсдэлт алхам бүрийн цаана "Монгол хүн" хохирч, хэлмэгдсээр л байна. Өвөг дээдсээс үлдээсэн Монголын минь атар ариун хөрс шороо, газар нутгаа эзгүй цөл болгох эрхийг бидэнд олгосон мэт улайрах нь ирээдүйгээ, үндэсний эрх ашгаа огтхон ч бодохгүй байгааг нотлоод байна бус уу.... 
   Ардчилсан Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа бүхий улс төрийн хүчнүүд үзэл бодлоо уралдуулж, хөгжилд хүргэх их үйл хэргийг хэрэгжүүлж ирсэн. Харин гарч байгаа үр дүн, ач холбогдол төдийлөн бодит амьдрал дээр биелэгдэхгүй л байна. Монгол Улсын, монгол хүний үндэсний эрх ашгийн төлөө бид нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Монгол Улсын иргэн бүрийн эрхэм дээд үнэт зүйл нь үндэсний эрх ашиг, монгол хүн  бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн танд улс, эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага гэж байдаг.
   Уул уурхайгаас ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж бүрдсэн түүхэн хариуцлагатай шинэ хөгжлийн гарааг өнөө үеийн монголчууд эхлүүлж байгааг дэлхийн улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Бидний хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хэн нэгний эсвэл бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө байх учиргүй. Харин бүхнээс түрүүнд Монгол Улсын иргэн бүхний эрх ашигт нийцсэн, Монголын газар нутаг, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй тийм уул уурхайг амьдралд хэрэгжүүлэх нь өнөөгийн төр засгийн эрхэм үүрэг байх ёстой.
     Орчин үед хурдацтай явагдаж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь хүний хүчин зүйлээс шууд хамааралтай гэдгийг эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаанаас тодорхой байна. Тэд өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн 90 хувь нь, хүмүүсийн үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон гэж
үздэг, баталадаг. Тухайлбал, эрчим хүчний өргөн хүрээтэй үйл ажиллагаа, тээвэр, уул уурхайгаас агаар мандалд ялгаруулдаг олон хийн хольц найрлага нэмэгдсэн. Харин хүний үйл ажиллагаанаас хамааралтай энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж бий. Хүн төрөлхтөн энэ өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа. Гэсэн хэдий ч ойрын 50-100 жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт үргэлжилнэ гэж эрдэмтэд дүгнэж байна.
  Хүлэмжийн хийн гаралтыг багасгахын тулд эрчим хүч, уул уурхай, тээвэр зэргээс их хэмжээгээр гарч буй хүлэмжийн хийн гаралтыг багасгах шаардлагатай. Үүнээс гадна ой мод, ногоон байгууламжийг сайжруулах. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд бүх орон өөрийн хувь нэмрээ оролцуулах ёстой. Монгол Улсын хувьд хөгжиж байгаа, эдийн засаг нь бэхжиж амжаагүй, дөнгөж уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлж эхлээд байгаа гэдгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөх нь тодорхой. Тийм ч учраас ашиг орлого олохоосоо илүүтэй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тодорхой хөрөнгө гаргах нь эн тэргүүний шийдвэрлэх асуудал байх учиртай.
   "Манай улсын хувьд ойрын 30-40 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдана. Мөн тунадасны хэмжээний хувьд улирал нь өөрчлөгдөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, зун хаврын улиралд ордог тунадасны хэмжээ багасч өвлийн улиралд ордог тунадасны хэмжээ нэмэгдэх
магадлалтай байна. Тиймээс ч өвөлдөө зуд болж, зундаа ган болох магадлал өндөр. Дулааны улиралд хэт халалт болсноор хүний биед таагүй хортон шавжаас үүдэлтэй халдварт өвчин гарах магадлал улам нэмэгдэнэ. Түүнчлэн халуун оронд гардаг зарим өвчин манайд илэрч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байсан" хэмээн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж онцлон хэлж байна.
  Монгол орны нутаг дэвсгэр дээр цөлжилт маш эрчимтэй явагдаж байгааг анхаарахгүй байх аргагүй болчихоод байгааг яалтай билээ! Өнөөдөр байсан булаг шанд, нуур цөөрөм, гол мөрөн, ой мод хэдхэн сар, жилийн дараа алга болж хоосон цөл болчихсоныг тухайн нутаг орны уугуул иргэд ярьж халаглаж сууна. Хэчнээн алт, зэс, нүүрс, мөнгө, валют байгаад бидэнд, бидний хойч үеийнхэнд цэвэр агаар, цэнгэг ус, атар онгон байгаль, газар нутаг олдохгүй гэдгийг санах ёстой.
Д.Өлзийсайхан

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Monday, October 31, 2011

 

  Хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулахын төлөө эрх тэгш үйлчилдэг төр засагтай байж ард иргэдээ ажилтай, өмч хөрөнгөтэй, эрүүл саруул бие бялдартай, хангалуун чинээлэг амьдралтай болгоно хэмээн монголчууд дуу нэгтэйгээр үймээн самуун дэгдээлгүй социалист нийгмийг халж дэлхий дахинд үлгэр жишээ орон болж байснаа бид өнөөдөр мартлаа гэж үү? Ардчилалын салхи сэвэлзсэн тэр цагаас хойш монголчууд бид 21 жилийг ардаа орхижээ. Ардчилалын буянаар иргэд эрх чөлөөг мэдэрч, өөрийн гэсэн өмчтэй болсон гээд олон ололт амжилтад хүрсэнийг үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад 2,8 сая хүн амтай Монгол Улс хөгжиж байгаа мэт харагдавч бодит амьдрал руу нь лавхан өнгийгөөд харвал нэг л биш ээ.
  Сүүлийн жилүүдэд баригдсан, баригдаж байгаа барилга, байшин, нийслэлийн авто замыг түгжрэлд оруулах болсон олон зуун авто машинтай хотын төвөө тойрон шавааралдах банзан хашаа бүхий гэр хороолол, хог новш, тоос шороо, утаа, үнс нурам холилдон, сүлэлдсэн нь ямар ч эмх цэгцгүй, бодлого төлөвлөлтгүй байгааг шууд илтгэнэ. Улаанбаатар хотын энэ өнгө төрх нь өнөөгийн Монгол Улсын төрийн бодлого, нийгмийн амьдрал нь өнөөгийн зах зээлийн давалгаан дунд ёстой л өөрийн инерцээр урсгалаараа хөвж явааг харуулж байна.
  Хүн амын доторхи баян чинээлэг, ядуу хоосны ялгаа тэнгэр, газар мэт зөрөөтэй болсныг нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч илт мэдрэгдэх боллоо. Сүүлийн 20 жилд хөлжсөн хүн амын өчүүхэн хувийг эзлэх монгол баячууд нь дэлхийн баячуудтай зиндаархах болсон бол хүн амын 30-35 хувь нь нэн ядуу гэх түвшинд багтаж өлмөн, зэлмүүн өдөр хоногоо аргацаан амьдарч байгааг яалтай...
  Ардчилалын замыг сонгосон энэ хугацаанд Монголын төр, засгийг  удирдан чиглүүлж ирсэн үе үеийн төрийн эрхэм түшээд ард түмнийхээ хүсч мөрөөдсөн зүг чигийг өөрчлөн өөр зам руу хөтлөх болсны тодхон жишээ бидний өнөөгийн энэ амьдрал нотолж байна. Монголчууд бидний зорьж, хүсч тэмүүлж байсан нийгэм өнөөгийн энэ нийгэм биш л байлтай. Харин цөөн хэдхэн хүний ашиг, сонирхолд нийцүүлсэн бодлогоор Монголын амьдрал өрнөж, буцалж, хямарч байна.
  Цөөхөн хүн амтай, асар уудам газар нутагтай, байгалийн арван баялаг нөөцтэй Монгол Улс ийм замаар явах учиргүй. Ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол нь байх ёстой хэмжээнээсээ хальж бүр гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад түр зуурын өдөр хоног аргацаах бэлэн мөнгөний халамж, тэтгэлэгээр ард иргэдээ хулхидсаар байх уу?
         Хүнлэг монгол хүн үгүйлэгдэх болов...
  Бүхнээс түрүүнд Монгол хүний аюулгүй байдлыг эрхэмлэн хамгаалах учиртай. Тэгвэл хамгийн эмгэнэлтэй нь бие болон оюун сэтгэлгээний хувьд эрүүл Монгол хүн ховордсоор байна. Өнөөгийн Монголын эдийн засгийн түрлэг давалгаа, нийгэм дэх ядуу, тарчиг, хүйтэн хөндий байдал нь хувь хүний хүнлэг энэрэнгүй сэтгэлийг сэвтээж, амин хувиа хичээсэн, бэртэгчин, харгис хэрцгий зан авиртай болгож байгааг яалтай. Ардчилал, зах зээлийн нийгэмд өсч бойжиж, хүмүүжсэн өсвөр залуу үеийнхэн энэ хүнлэг бус нийгмийн золиос болсоор байна.
 Өнөөдөр манай нийгэмд гарч байгаа хавтгай архидалт, садар самуун байдлаас эхлээд төрөл бүрийн гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил ирэх тусам өсөх боллоо. Үүнд хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байгаа юм. Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ЦЕГ-ын тоо баримт ч үүнийг нотолно. Ямар аймшигтай, хүний мөсгүй гэмт хэрэг гарах болсныг бид өдөр бүр л харж, сонсч байгаа гэвэл хэн ч үгүйсгэхгүй биз ээ?
  Өсвөр, залуу үеийнхэнд минь төрийн болон эцэг эхийн хайр халамж дутсанаас л тэд хараа хяналтаас гарч оюун санаа, ёс суртахууны доройтолд орж, төөрч будилж, гэмт хэрэгт холбогдох болсон нь нууц биш. Өсвөр үеийнхэнд байтугай нийт иргэддээ бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн, зугаа цэнгэлд уриалсан сар бүр олгодог тэтгэмж болон хамгийн хямд үнэтэй архи, тамхины хэрэглээгээр хангаад байдаг нь үнэхээр хачирхалтай. Улс орон маань уул уурхайгаас асар их ашиг олох гэж байна. Тэгэхээр одоо монголчууд минь хутга тавилгүй мах идэж, хундага амраалгүй архи зооглоцгооё хэмээн уриалан дуудах болсон энэ харалган бодлогын уршгаар бидний ирээдүй хойч үеийг минь хааш нь хөтлөх бол гэдэг үнэхээр бүрхэг байна.  Монгол хүний мөс чанар өдөр өдрөөр доройтсоор, гундсаар байгааг яалтай. Энд ганцхан жишээ дурдахад, Хэнтий аймгийн Дадал сумын иргэн Д.Зоригоо /57 настай/ нийслэлд ирээд Баянхошууны гэр хороололд танилындаа очихоор явж байхад нь хэдэн халамцуу баньди таарчээ. Тэдний нэг нь түүнээс, гал байна уу гэхэд байхгүй гэжээ. Өдий насалчихаад яагаад галгүй явдаг новш вэ гээд хоргоосон байна. Би тамхи татдаггүй гэхэд нь шууд л хамар руу нь цохиж дайрч давшилсан байна. Энэ үеэр цагдаа ирж салгаж аварчээ. Харин тэгэхдээ хүн зодож байсан залуусыг явуулж нүүр нь цусанд хутгалдсан өвгөнийг та юу хүн бэ? бичиг баримтаа шалгуул гэж саатуулжээ. Өвгөн ч бичиг баримтаа үзүүлээд арай гэж төрийн цагдаагаас салсан байна. Өнөөгийн нийгэмд ийм шударга бус, хүний мөсгүй авир аашийг гаргадаг хүүхэд, залуус олширч байгааг яалтай билээ?
  Жавартай, хүйтэн цэвдэг уур амьсгалыг нийгэмд бий болгож, улам гааруулсаар байгааг хэрхэн ямар арга замаар бүлээсгэж, халуун дулаан болгоход Монгол Улсын иргэн бүхэн хичээх цаг иржээ. Хүмүүсээ бие биедээ, урам, ухаан, халуун дулаан сэтгэл хайрлая! 
 Д.Өлзийсайхан

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (1)

 

   Бид энгийн нэг байдаг л зүйл мэт үзэж ханддаг, онцгойлон анхаарал хандуулдаггүй "Жорлон" буюу бие засах газар нь ямар их чухал хэрэгцээт
зүйл гэдгийг сануулж, үүнд хүн бүхэн анхаарч үзэхийг уриалах өдөр байдгийг та мэдэх үү? Энэ бол жил бүрийн 11 дүгээр сарын 19. Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж байна.
  Та өдөр тутмын амьдралаа жорлонгүйгээр төсөөлөөд үз дээ? Бидний хэлж заншсанаар жорлон, нойл, буюу бие засах газар нь таныг гэртээ, ажил дээрээ, гудамж талбайд, олон нийтийн газарт, эмнэлэгт, сургуульд хаана ч байлаа гэсэн бие засах газрыг зорих шаардлага гардаг. Жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Хүн бүхэн өдөрт дор хаяж 3-4, түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлага гарч "00" /нойл/, жорлонг эрж хайдаг, ордог.
  Монгол Улсын хэмжээнд хаана ч, хэн ч бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж чадаагүй л байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 65,6 хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй төдийгүй сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байгаа юм. Энэ асуудлаа шийдвэрлээгүй нь бидний эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж, төрөл бүрийн халдварт өвчин гарч байгаагаас эхлээд эдийн засгийн чамгүй хохирол учруулсаар байна. Улаанбаатар хотын нэг сая 200 мянга хол давсан хүн амын талаас хол илүү нь гэр хороололд амьдарч 200 мянга шахам нүхэн жорлонд тэд бие засч байгаа нь бидний бодит амьдрал. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн хөрс шороо ямар их бохирдоод байгааг тогтоох аргагүй болсон нь нууц биш...
  Өнөөдөр бид сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй, бохирын шугамд холбогдоогүй энэ байдлаасаа шууд дүгнэлт хийхэд нийслэлчүүдийн ялгадас гудамжиндаа байна гэж болно. Бидний эн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой энэ асуудлын чухлыг танд сануулж, ач холбогдлыг жирийн иргэнээс эхлээд шийдвэр гаргах эрхмүүд, өрх гэрээс албан байгууллага бүрийн анхаарлыг энэ зүгт хандуулах зорилгоор Дэлхийн "00" /нойл/-ын өдрийг энэ жилээс эхлэж Монголд жил бүр тэмдэглэж байх юм. 
  Сингапур улсад төвтэй Дэлхийн "00"-ийн холбооноос  (World Toilet Organization)  санаачлан Дэлхийн "00" -ын өдрийг 2001 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ. Зорилго нь гэвэл  дэлхий дээр 2,6 тэрбум хүн буюу нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгааг хүмүүст мэдүүлж, энэ байдлыг сайжруулахад орших юм. Ариун цэврийн байгууламжгүй эсвэл шаардлага хангахгүй байгаагаас үүдэж амь насаа алдсан хүмүүсийн тоо ХХ зууны турш дайн байлдаан, зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс олон аж. Амь насаа алдагсадын ихэнх нь таваас доош насны хүүхдүүд байдаг нь үнэхээр аймшигтай. 
       Монголд ариун цэврийн байгууламж ямархуу дүр зурагтай байна вэ? 
  Нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдардаг. Айл өрхүүдийн 95 хувь нь бие засах газартай боловч түүний 97 хувь нь ил задгай энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоосон. Ийм шаардлага хангахгүй бие засах газрыг Монголын хүн амын дийлэнх хэсэг ашиглаж байгаа нөхцөлд, үүнээс үүдсэн өвчлөл, эдийн засгийн хохирол, амьдралын таагүй орчин гээд олон асуудал ар араасаа хөврөх нь тодорхой...   
   Гэр хорооллын нүхэн жорлон: Энгийн нүхэн жорлонгоос шууд хамраалтайгаар хөрс, ус, орчны бохирдол дээд цэгтээ хүрч халдварт өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Монголчуудын дийлэнх нь амьдралын ийм л орчинд аж төрж байгаа учраас энгийн нүхэн жорлонгоо сайжруулах шаардлагатай болсныг өнөөгийн бидний бодит амьдрал нотлон харуулж байна. Гэр хороололд айл өрхүүд бие засах газартай ч уг жорлонгийн өтгөн шингэн нь шууд ил задгай харагдаж байдаг. Энэ нь хөрс, ус, гадна орчноо бохирдуулдаг. Хамгийн аюултай нь баас, шээс, ялгадаснаас ялаа, хортон шавжаар дамжин хоол хүнс, эд хогшил, хана туурганд дамжин хүрч, хаа сайгүй наалдаж, элдэв төрлийн өвчин үүсэхэд нээлттэй байгаа юм.     
    Нийтийн бие засах газар: Нийслэл хот нь үүсэн байгуулагдаад 370 гаруй  жил болж байгаа ч нийтийн бие засах газрынхаа асуудлыг өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэж чадаагүй л байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийтийн 10 гаруйхан бие засах газар байна. Нэг сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод ийм цөөхөн нийтийн бие засах газар байгаагаас иргэд ил задгай бие засах үзэгдэл хэвшил болсон нь эмгэнэлтэй. 2010 оноос л хотын төвд нийтийн бие засах газар шинээр баригдсан нь үнэхээр нийслэл хотын эрүүл ахуй, соёл гэж огтхон ч төлөвшиж хэвшээгүйн нэг тод жишээ.  
    Сургуулийн бие засах газар: Алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт сурч байгаа өсвөр үеийнхний бие засах газрын асуудал нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар хотын сургуулийн нэг угаалтуурт дунджаар 60-100 хүүхэд ноогддог бол хөдөө орон нутагт гар угаах усан хангамж, угаалтуур огт байхгүй, гадаа байрлах энгийн модон жорлонтой л байна.  
    Орон сууцныхан усныхаа тал хувийг бие засах газарт зориулдаг: Бие засах газрын асуудал харьцангуй шийдэгдсэн гэх орон сууцны оршин суугч нэг иргэн өдөрт 250 хүртэл литр ус зарцуулдаг.  Харин энэ усныхаа 45 хувийг жорлонгийн ус татахдаа зарцуулдаг гэсэн судалгааг Усны газраас гаргажээ. Энэ бол ундны усны нөөц хомсдож байгаа өнөө үед усны хэмнэлттэй шинэ сантехникийн шийдлүүдийг нэн даруй нэвтрүүлэх шаардлага бий болсныг анхааруулж байна.  
      Хөдөө, орон нутаг дахь бие засах газрын асуудал: Хөдөөгийн хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн талаар дорвитой судалгаа, мэдээлэл хомс. Гэхдээ бодит амьдралаас харахад бас л олон бэрхшээл, асуудалтай. Сумдын сургууль, эмнэлгийн дийлэнх нь энгийн нүхэн жорлонтой бөгөөд 1,6 хувь нь шугамд холбогдсон сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байгаа нь хөдөөгийн ариун цэврийн байгууламжийн түвшин нийслэлээс эрс ялгаатай буюу сайжруулсан бие засах газрын хүрэлцээ 20 гаруй дахин бага байна.
  Энэ бүхнээс харахад бидний дүр зураг дэлхийн улсуудтай харьцуулахад, ядуу буурай орнуудтай нэг түвшинд байгааг анзаарахгүй байхын
аргагүй. Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд, төрсөн эмэгтэйчүүд өвөл, зунгүй хальж дүүрэх шахсан модон жорлонд бие засаж, эрүүл ахуйн нөхцөл хангах ямар ч боломжгүй орчинд амьдарч байна.  
  
         Бид хэзээ нүхэн жорлонгүй болох вэ?

     XXI дүгээр зуунд ардчилсан монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж интернэт, гар утас, үнэтэй авто машин гээд орчин үеийн бүхий л хэрэглээг амьдралдаа нэвтрүүлж, нийслэлд нь өндөр өндөр шилэн барилгууд баригдаж, дэлхийн нэртэй дэлгүүр, ресторан, зоогийн газар, зочид буудлын сүлжээнүүд салбараа нээж, ашигтай ажиллаж буйг харвал улс оронд минь хөгжил ирээд байна уу гэлтэй. Харин нийслэлийн гэр хороололоор дүүрэн байгаа жорлон хэмээх нүхэн дээр барьсан банзан жижиг амбааруудыг харахаар нэг л биш ээ!
   Монголчууд бид дотроо хотын хүн, хөдөөний хүн, гэр хороололынхон, байрныхан гэж ялгарч, ондооших болсон нь улам даамжирсаар нийтийн орон сууцных, хаус, эдлэн газартнууд, элит баячууд, траншей, гудамжныхан хэмээн аж амьдарлын төвшин, зиндаагаар нь ангилдаг болжээ. Энэ баян ядуугийн ялгаа нь дээш, доош хоёр туйл руу улам бүр тэмүүлэн гүнзгийрч өнөөгийн Монголын нийгэмд хурцадмал байдал үүсэх хэмжээнд хүрээд байгааг яалтай!
  Харин хөрс, газар шорооны бохирдол нь өнөөдөр баян, хоосон гэж ялгалгүйгээр хил хязгааргүй нэвчсээр байгааг тэр бүр анзаарахгүй л байна. Тэдний нүдийг хашаа, хайс хааж орхисон гэж болно. Хашааны наад талд нь нүхэн жорлон байхад хашааны цаад талд нь таван метр хүрэхгүй зайтай газарт гүний худаг байх жишээтэй. Бид нэг дэлхий, нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгааг мартаж болохгүй. Тэгэхээр үнэн хэрэгтээ бид нэг орон дээр нэг нь торгон хөнжилтэй, нөгөө нь ноорхой хөнжилтэй эсвэл нүцгэн хэвтэж байгаа хэрэг шүү дээ...           
    Айл өрх, албан байгууллагууд "00" -ийнхоо асуудлыг сайжруулахын тулд юу хийж чадах вэ? Нүхэн жорлонгоо сайжруулахын тулд хэдэн төгрөг гаргах вэ? Хотын захиргааны эрх мэдэлтнүүд, Төрийн түшээд улс үндэстэн, хот суурин газарт ариун цэврийн ямар бодлого барьж, төсөв батлах шаардлагатай вэ? Шинжлэх ухаан, технологийн байгууллагууд ямар шийдэл гаргах боломж байна?  Төр, олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ямар байх ёстой ? Энэ олон асуултад хариу олж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Баян, ядуугийн ялгааг багасгах, төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад эн тэргүүнд бие засах газрынхаа асуудлыг цэвэрхэн, хүртээмжтэй, аюулгүй, бохирдол үүсгэхгүй байхаар бүрэн төгс шийдэж, байгаль орчноо хамгаалах талаар хүн бүхэн идэвхтэй оролцох хэрэгтэй байна.
  Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид энэ асуудлыг хөндөхдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах ёстой. Сэтгүүлчид энэ асуудлын
гүнд нь орж таниулан сурталчилж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж санаа, бодлоо уралдуулан ярилцаж, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах цаг болжээ. Энэ ажлыг даруйхан эхлүүлж бодит амьдрал дээр хэрэгжүүлье!
  Энэ асуудлаа амжилттай шийдвэрлэсэн улс орон, хувь хүмүүс төдийгүй, ялгадас, баас, шээсийг үнэд хүргэж тэрбумтан болсон хүмүүс ч байдаг. Тэднээс бид суралцах хэрэгтэй байна. Овсгоотой сүүхээтэй хүнд эндээс их мөнгө, ашиг орлого олох боломж байгааг бид огтхон мэдэхгүй байгаа нь харамсалтай...     
        Дэлхийн "00" өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг бол?
  Энэ өдрийг 2001 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн жорлонгийн холбоо бол олон улсын, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд дэлхий даяараа жорлон, ариун цэврийн асуудлыг сайжруулахын төлөө ажилладаг. Энэ байгууллагыг анх Сингапур улсад Жак Сим гэж хүн үүсгэн санаачилж эдүгээ 56 орны 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.  
    Дэлхийн олон орон жорлонгийн асуудалд анхаарлаа хандуулж энэ өдрийг янз бүрээр тэмдэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудаас дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаад туслах зорилгоор хандив цуглуулах олон арга хэмжээг зохион явуулдаг. Зарим газарт улс орныхоо хэмжээнд жорлон ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулах, дэмжих зорилгоор ажилладаг. АНУ-д оны шилдэг жорлон шалгаруулах уралдаан явуулдаг байна.
   Англид жил бүрийн энэ өдөр "Голден поо" хэмээх олон улсын уран бүтээлийн уралдаан зохиодог. Уран сайхны аргаар сайхан бие засах газартай байхын ашиг тус, эрүүл ахуйн зөв дадлыг хүмүүст хүргэх зорилготой энэ уралдаан 2010 онд богино хэмжээний (шторкны) анимашн бичлэгийн уралдаан зарласан бол энэ удаа хошин шог өгүүллэгийн уралдаан зарлажээ. Уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг олны хүртээл болгож олсон орлогоос Дэлхий дээр жорлонгүй байгаа хүмүүст туслах, жорлон, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах үйлсэд зориулж байна.  
    
        Ил жорлонгийн хор хөнөөлийн талаарх тоо баримт

   Нэг грамм өтгөн ялгадсанд 16 сая вирус, нэг сая бактери, 1000 паразитын цист, 100 паразитын өндөг агуулагддаг. Дэлхийн хэмжээнд бохирдсон ундны ус, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйг хангалтгүй сахиснаас болсон өвчлөл, нийт өвчлөлийн 88 хувийг эзэлдэг. Харин бие зассаныхаа дараа савангаар гараа угааж хэвших нь гэдэсний өвчлөлийг 40 хувиар бууруулдаг.
      Хурц цочмог хэлбэрийн суулгалт өвчний улмаас шингэнээ алдаж, тэжээлийн доройтол, тураалд орж, улмаар амь насаа алдах байдал ихэвчлэн таваас доош насны хүүхдүүдийн дунд тохиолддог байна. Үүний улмаас жилд 2,2 сая хүүхэд амь насаа алддаг нь 14 секунд тутамд нэг хүүхэд эрсдэж байна. Харин манай орны хувьд жилд суулгалт өвчний 1,4 сая дуудлага (тохиолдол) бүртгэгдсэн байна. Ариун цэврийн байгууламжаа сайжруулж чадвал суулгалт өвчний улмаас нас барах тохиолдлыг 30 дахин бууруулах болгараа савандаж угааж байх гэх мэт эрүүл ахуйн зөв дадлыг бий болговол уг тохиолдлыг 15 дахин бууруулж болох юм. Усан хангамж, бие засах газар, эрүүл ахуйн дадал, усны эх үүсвэрийн менежментийг сайжруулснаар дэлхий дээрх нийт өвчлөлийн улмаас үүсэх хор хохиролоос 1/10  дахин бууруулах боломтой.
Д.Өлзийсайхан    

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)


  2011 Бөхийн удамт монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат нь 20 дугаар зууны Монгол Улс, Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, домогт алдарт бөх билээ. Тэгвэл түүний хүү Мөнхбатын Даваажаргал нь Японы олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн төрлөөр Монгол Улсынхаа нэрийг мандуулж байна. Тэрбээр Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал хэмээх нэрээр 21 дүгээр зуунд дэлхий дахины танил болсон цагийг эзэлсэн аварга болсон юм.
Монгол улсаас 1968 оны олимпийн наадмаас хойш 19 тамирчин олимпийн /алт хоёр, долоон мөнгө, 10 хүрэл/ медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Энэ олимпийн медальт тамирчдынхаа ярилцлагыг манай сонин цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсаас төрсөн олимпийн анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргатай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд толилуулж байна.
-Таны бөхийн ертөнцөд анх хөл тавьсан түүхийг эргэн сөхөж ярилцлагаа эхлэх үү?
-Би Төв аймгийн Баян-Уул сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн. Тэр жил Баян-Уул сум анхны наадмаа хийж, манай нутгийн Жанцан гуай түрүүлж, Дашгалсан гэж хүн үзүүрлэсэн. Би тэр наадмаар өөрийнхөө соёолон бор үрээгээ унаж уралдаад есд давхиж байлаа. Хүүхдийн бөхийн барилдаанд нь би түрүүлж, манай ангийн нэг хүү үзүүрлэсэн юм. Сумандаа л сайн барилддаг Жанцан гуай, Сандаг, Жанцан, Лачин, Жигжид, бас миний том ах хүртэл энэ наадамд бүгд л барилдсан юм. Үзүүрлэсэн Дашгалсан гэдэг хүн нь шоронгоос оргож яваад энэ наадамд барилдсан юм билээ. Энэ хүн их сонин намтар түүхтэй сайн эр байсан. Тэр АИХ-ын тамга сийлсэн гэж байгаа, шоронд өлсгөлөн зарлаж, шоронд Налайхын уурхайд 1000 хувийн ажил хийх уралдаан зарлаж шуугиулж, амлалтаа биелүүлж явсан эр. Хожим нь хүмүүжээд, нутагтаа сайхан амьдарч МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр хүртэл оролцсон гэдэг.
-Танай сургуульд бөх барилддаг олон багш нар байсан гэдэг байх аа?
-Лүн суманд анх долоон жилийн сургууль байгуулагдаад Өвөрхангайн наад талын Батхаан, Бүрд, Баян-Өндөр, Эрдэнэсант сумын гээд ойр хавийн сумын хүүхдүүд тэнд очиж суралцсан юм. Би тавдугаар ангидаа энэ сургуульд дэвшиж суралцсан юм. Тэгэхэд энэ сургуульд одоогийн Ардын багш Д.Сэрээтэр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Идэрбат, Ардын жүжигчин Мягмарнаран бүгдээрээ л нэг, хоёдугаар ангийн дүү нар байлаа. Манай сургуульд Дамдинсүрэн, Дамдин, Бадамгарав, Банзрагч, Мишигбазар гээд баахан барилддаг багш нар байсан юм. Бид нар чинь дотуур байранд байдаг болохоор дандаа л үеийхэнтэйгээ барилдана. Долдугаар анги төгсөх жилээ Майн нэгний баяраар бөхийн барилдаан болж улсын начин Бат-Эрдэнэ /Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум/, манай сумын Дагва гэж Улсын наадамд гурав, дөрөв давсан сайн бөх байлаа. Бас Сэрээнэндорж, Жүгдэржамсранжав гээд сайн бөхчүүд байсан. Энэ наадамд би, Бат-Эрдэнэ гуайтай үзүүр түрүүнд үлдээд нэлээд удаан барилдсан. Майн нэгний тэр баяраар бас морь уралдуулсан юм. Морь ирэх болсон чинь Бат-Эрдэнэ гуай барьц тавилцья гээд түр тавилцлаа. Тэгэхэд Сэрээтэрийн аав надад зодог шуудаг өмсүүлэх гэхэд нь би өмсөөгүй юм. Гэтэл Бат-Эрдэнэ начин амны салиа нь арилаагүй хүүхэдтэй шуудагтай ч, шуудаггүй ч барилдана гэж хашгичаад сүйд болж миний талд ороод байсан юм. Тэгж байгаад барилдалгүй яваад өгсөн. Тэгээд л энэ наадамд анх удаагаа би түрүүлж билээ. Манай сургуулиас зургадугаар ангийн Ямаа гэж хүү, манай ангийн Лхагважав гэж сайн барилддаг хүүхэд байсан. Тэр үед манайхтай ойрхон өвөлждөг Тангад гэж хүн байлаа. Тэр хүн бөхийн барилдааныг сайн мэддэг хүн байсан. Энэ хүн намайг, бага байхаас л чи одоо тэгж, ингэж барилд гэж их хэлж өгдөг байж билээ. Долдугаар ангиа төгсөхөд багш нар намайг тоонд сайн байсан болохоор хотод Санхүүгийн техникумд ор гэж зөвлөсөн. Тэгээд аав маань мориор гурав хоног явж намайг хотод сургуульд хүргэж өгсөн. Хэрвээ шалгалтанд тэнцэхгүй бол буцаад харих байлаа. Харин би тэнцэж 1956-1960 онд суралцаж төгссөн. Тэгээд оюутан байхдаа үндэсний бөхийн секцэд хичээллэж байлаа. Манай сургуулийн биеийн тамирын багш, /чөлөөт бөхийн Дэлхийн цомын медальт Хишигбаатарын аав/ Гомбо гэж хүн байлаа. тэр үед Ховд аймгийн Ванчинхүү арслан Санхүүгийн болон Худалдааны техникумын хүүхдүүдэд үндэсний бөхийн мэх заадаг байв. Би сургуулиа сайн төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм. Тэр жил Спортын төв ордонд орос барилдаан гээд чөлөөт бөхийн секц анх нээгдсэн.
-Тэгээд л чөлөөт бөхөөр хичээллэсэн байх нээ?
-Төмөр замын инженер Дамдинсүрэн тэргүүтэй Цэвээн /самбо бөхийн мастер/, Багшийн сургуулийн Дамдин нарын ОХУ-д дээд сургууль төгссөн сэхээтнүүд чөлөөт бөхийн 1960 оны 10 дугаар сард секц байгуулсан юм. Анхандаа бид чинь нохой шиг дөрвөн хөллөдөг ийм бөхөөр яах юм гэж ч байлаа. Тэгээд л би, Дагвасүрэн арслан, Гочоохүү, Боль гээд хэдэн бөхөд дуртай хүүхдүүд анх тэр секцэд орж бэлтгэл хийсэн. Дараа жил нь чөлөөт бөхөөр Болгар улсад залуучуудыг явуулж сургахаар боллоо. Эрдэнэ-Очир ах, Том Санжаа, хожим нь аварга болсон Бээжин, Цэрэн гуай, Зундуй гуай, хөнгөн жинд Б.Сүхбаатар, О.Цэрэндагва /гавьяат дасгалжуулагч/, миний бие, Дашдорж гэж даргатай нийт 11 хүн анх 1961 есдүгээр сарын 18-нд Болгар улсыг зорьсон. Бид зургаан сар болоод 1962 онд ирсэн. Харин Цэрэндагвыг чөлөөт бөхийг хүүхдэд сайн заах авьяас байна гээд Болгарт гурван сар байлгахаар үлдээсэн. Тэгэхэд Цэрэндагва гэрээ санаж байсан болохоор уйлаад л хоцорч билээ. Тэр ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Аав нь Очир гэж Өвөрхангайн хүн. Болгар явсан бид Монголдоо ирээд бүгдээрээ чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүд болж байлаа. Одоо энэ нөхдөөс Эрдэнэ-Очир гуай, Санжаа гуай бид гурав л үлдсэн байх шив дээ.
-Анхны тэмцээнийг хэзээ зохион явуулсан бол?
-Анх удаа бид чинь Казахстаны бөхчүүдтэй чөлөөт бөхийн уулзалт тэмцээнийг 1962 онд /найман жинд/ эх орондоо зохион явуулж байлаа. Тэр үед Казахстаны багт Аяханов, А.Съёмкин гээд ЗХУ-ын аварга бөхчүүд байсан. 1963 онд Унгарын Будапешт хотод армийн олон улсын тэмцээнд оролцсон. Тэгээд олон улсын тэмцээнээс том Санжаа, Цэрэн ах хоёр анхны медалийг хүртэж билээ. Монголын тамирчид ингэж олон улсын тэмцээнээс анхны хүрэл медаль авсан. Энэ нь олон улс, тив, дэлхийгээс монгол хүн медаль авч чадна гэдгийг нотлон харуулсан. Тиймээ, тэр медаль сайхан ч гэж жигтэйхэн байж билээ. Болгарт байхад Болгарын социалист хөдөлмөрийн баатар болсон Дэлхийн чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Раков Федоров гэж хүн бид нарт багшилсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ж.Самбуу дарга "Найрамдал" медалиар шагнаж байсан юм. Хожим нь Н.Багабанди ерөнхийлөгч асан, Алтан гадас одонгоор шагнасан юм. Болгарын энэ агуу бөх бид нарыг өдий зэрэгтэй бөх болгосон төдийгүй Монголын чөлөөт бөхийн үндэс суурийг тавилцсан гавьяатан.
-Анхны олимпийн наадамд оролцож байснаа эргэн дурсана уу?
-1964 оны Токиогийн олимп монголчуудын хувьд их түүхтэй. Бид Эрхүү ороод тэндээсээ Хабаровск хүрч Находникоос усан онгоцоор Японд очиж байлаа. Биднийг анх хилийн чанадаас медальтай ирж байхад. Чингис хааны монголчууд олон улсын тэмцээнээс медаль авна гэдэг дэлхий дахинд шинэ Монгол Улсыг сүр хүчийг дахин таниулж байгаа бахаралтай үйл явдал гэж Төмөр-Очир гуай хэлж байсныг мартдаггүй юм. Анх удаа Ази тивд, Японы Токио хотод олимпийн наадам болж байлаа. Манай улс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй, буудлага спортын төрлөөр оролцсон. Би энэ олимпийн дэвжээн дээр гурав ялаад дөрөв дэх тойрогтоо торгуулийн оноогоор хасагдаж долдугаар байрт шалгарч байлаа. Дамдиншарав есдүгээр байр эзэлсэн юм. Тэр үед бидэнд монгол хэлтэй орчуулагч үйлчилж байсан. Токиогийн Их сургуульд багшилдаг Цэгмид гэж монгол хүн тэнд байсан, бас
Бүрэнжаргал гэдэг монгол хүн манай дарга нарт л үйлчилсэн байх. Зэнэмидэр гэж Монгол Улсын соёлын атташе хүн байсан. Энэ олимпийн наадмыг социалист, капиталист системийг үзэл сурталжуулсан жинхэнэ өрсөлдөөний талбар болгож байлаа шүү дээ.
-Тухайн үед хилийн чанадад тэмцээнд оролцдог байсан уу?
Чөлөөт бөх, самбо бөх хоёр зэрэг л 1963 оноос эхэлж Болгар, Унгар, Герман зэрэг орнуудад олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Би 1964 онд Германы Циттау хотноо болсон тэмцээнээс анхны олон улсын мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ази тивээс ганц Япон улс л чөлөөт бөхөөр дэлхийн шилдэг зургаан орны нэгд ордог байлаа. Азийн бусад орнууд бараа сураггүй байлаа. Японд хүнд жингийн сайн тамирчин байхгүй. Харин хөнгөн жинд гаргуун байсан . Тэгээд япончууд, бидэнд тэгж ингэж барилд гэж мэх заана. Тэр үед хэлмэрч орчуулагч дагаж явдаг байсан тэд хөрөнгөтний тамирчинтай ойртож болохгүй гэж хориглодог байлаа. Бид хөрөнгөтөн орны тамирчидтай ДАШТ-д очихдоо л уулзаж, хүч үздэг байж. Дэлхийн дэвжээн дээр гараад ирэхээр япончууд бид их сайн. Яагаад гэвэл нэг тивийн тамирчид гэж тивэрхэж, нутаггирхаж байгаа нь тэр шүү дээ. Тэд ДАШТ-д олон удаа оролцсон олон аварга, медальтай бөхчүүдтэй болохоор их туршлагатай. Япончууд бидэнд ний нуугүй зөвлөж, мэх заах гэнээ. Тэгэхээр чинь та нар хөрөнгөтөн орны бөхчүүдтэй ойртож харьцаж болохгүй гэж их шүүмжилнэ. 1965 онд Английн Манчестр хотод ДАШТ-д оролцлоо. Тэнд бидэнтэй хамт Болгарт бэлтгэл хийж байсан тус улсын олимп, дэлхийн аварга бөхчүүд ирж оролцсон. Бид энэ тэмцээнд хүч үзэхийн өмнө сар гаруй ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд Манчестрт очсон. Энэ ДАШТ-д Дамдиншарав, Сэрээтэр, Баянмөнх бид дөрөв оролцсон. Би хатиг гараад барилдаж чадаагүй. Сэрээтэр Дэлхийн аварга Японы бөхтэй хамт зургадугаар байрт шалгарсан юм. Тэгэхэд зургадугаар байрт ороход нэг оноо өгдөг байсан. Тэгээд энэ ДАШТ-нээс манай баг тамирчид хагас оноо авч манай улс 16 дугаар байрт анх удаагаа орсон түүхтэй. АНУ-ын Толидо хотод 1966 оны ДАШТ болж би дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээнд би Ираны Дэлхийн аваргыг ялаад тэр шүү дээ. Тэр тамирчин мөнгөн медаль хүртсэн юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 онд Улаанбаатар анх удаагаа зохион байгуулж Монголын баг тамирчид 10 жинд алтан медаль хүртэж байсан түүхтэй.
-1968 оны Мехикогийн олимпийн дэвжээн хэрхэн барилдаж мөнгөн медалийн эзэн болж байв?
-ОХУ-ын бөх Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев гэж хүн байсан. Тэр хүн Рим, Токио, Мехикогийн гурван олимпийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт шалгарсан юм. Анагаах ухааны эмч доктор хүн. Тэр Токиогийн олимпийн дэвжээнд АНУ-ын бөх Сандерстай хүч үзсэн. Тэр америкт оноо алдсаар байгаад завсарлага болоход маш их бухимдаж тамхи огт татдаггүй нөхөр чинь бие засах газарт орж пүүшиг тамхи их шуналтай сорж байж билээ. Энэ байдал нь их тэвдэж бачимдсаны шинж . Бас түүнд тайвшруулах тариа хүртэл хийсэн. Энэ бол тухайн тамирчин сэтгэл зүйн хувьд ямар их хямарсан байгааг илтгэж байгаа биз. Тэгээд дэвжээнд гараад улам ч олон оноо алдаж ялагдснаар медалиас мултарч дөрөвдүгээр байрт орсон. Японы тамирчин олимпийн аварга болж, Сандерс мөнгө, манай Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэн. Али Алиев дараа нь бидэнтэй уулзаад дэлхийн таван удаагийн аварга болох юу ч биш олимпоос л ганц хүрэл медаль авсан бол бөх болсны хэрэг бүтэх байлаа гэж харамсаж байсан. Эндээс үзэхэд, олимпийн наадмаас медаль авах гэдэг тамирчин хүний туйлын хүсэл, зорилгын утга учир байдгийг харуулж байгаа хэрэг. Би дасгалжуулагч болсноос хойш АНУ-ын Жон Петерсон, Бен Петерсон гэж төрсөн ах дүү хоёр бөх байлаа. 1972 оны Мюнхений олимпийн наадамд ах Жон Петерсон нь олимпийн аварга болж дүү Бен Петерсон нь олимпийн мөнгөн медаль хүртсэн юм. Харин 1976 оны Монреалын олимпийн наадамд дүү нь олимпийн аварга болж ах нь олимпийн мөнгөн медалийн эзэн болсон. Жон Петерсоны хувьд Дэлхийн таван удаагийн аварга болж байсан. Энэ ах дүү хоёр тамирчин 1976 онд хоёулаа зодог тайлсан. Тэгэхэд АНУ-ын төрөөс энэ хоёрт тус бүрт нь 72 сая ам.долларын шагнал өгсөн. Би ах Ж.Петерсонтой нэг жингийн тамирчин байсны хувьд, ДАШТ-д таван удаа түрүүлсэн байхад та хоёрт яагаад адилхан шагнал өгч байгаа юм гэж асуусан. Тэгэхэд, тэр огт хамаагүй олимп л чухал гэж байсан. Тэгэхээр энэ бол олимпийн наадмын дэвжээ үнэхээр хатуу төдийгүй өндөр нэр хүндтэй гэдгийг нотолж байна. Аль ч улсад олимпийн медаль авсан тамирчин медаль авсан өдрөөсөө л эхэлж нийгмийн халамж авах эрхтэй болдог. Тэгээд тэр хоёр шагналынхаасаа тус бүр 12 саяыг нь татварт өгсөн гэж байсан. Энэ бол үнэхээр олимпийн медальт тамирчин хүний хөдөлмөрийг хангалттай үнэлж, насан туршид нь хангалттай амьдрах баталгааг гаргаж өгч байгаа хэрэг. Харин бидний үед тийм эрх олдоогүй л дээ. Өнөө үеийнхэнд энэ эрхийг эдлэх боломж гарч байгаад баяртай байна. Мехикогийн олимпийн мөнгөн медаль авахад би тав ялсан юм. Дэлхийн аварга Гуреевич дөрөв ялсан. Токиогийн олимпийн аварга Болгарын бөх дөрөв давсан байсан. Гуреевич бид хоёр, хоёр удаа тэнцсэн. Болгарын бөхтэй нэг тэнцээд нэг ялагдчихсан юм. Энэ л надад дахин нэг барилдаан үүсгэсэн. Би сугалаагаар Америкийн бөхтэй таарсан. Хэрвээ би Гуреевичтэй барилдах юм бол би аварга болох байсан. АНУ-ын бөхийг торгуулийн нэг оноогоор ялсан болохоор мөнгөн медаль хүртсэн. Бас өмнө нь Ардчилсан Германы бөхийг оноогоор биш цэвэр ялсан бол олимпийн алт дээр буух байлаа. Онооны чанараас их шалтгаалдаг байв. Манай Артаг чинь 1967 оны дэлхийн аварга, Туркийн олимпийн аваргатай тэнцэж байж олимпийн хүрэл медаль авсан юм. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Олимпийн аваргатай бид хоёр л тэнцсэн түүхтэй .
-Мехикогийн дэвжээн дээр салхи хагалж Ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медалийн болзол хангаад ирэхэд, та одоо ёстой ялаад өгнөө гээд хана цохиод байсан гэдэг. Харин Артаг, Сэрээтэр гуай хоёр дув дуугүй болчихсон гэсэн. Тэр үед та юу бодож байв?
-Тиймээ, хамгийн хөнгөн жин учраас бидний эхэнд Дамдиншарав медаль авах болчихлоо. Сэрээтэр, Артаг хоёр дэвжээнд Дамдиншаравын дараа гарах бөхчүүд болохоор догдлох нь тодорхой. Харин би тэр хоёрын дараа барилдах болохоор нөгөө хоёроо зоригжуулах нь зүйтэй биз дээ. Али Алиев хожчихсон бол би ч тийм зоригтой байж чадахгүй л байсан болов уу. Хэрэв Дамдиншарав ялж чадаагүй бол бид нар ингээд өнгөрлөө гээд л шалчийх байсан. Тамирчин хүнд сэтгэл зүй гэдэг чухал зүйл байдаг. Тэр хоёр ч их сандарч байсан. Би ч бас адилхан. ОХУ-ын Дэлхийн таван удаагийн аварга Алиевыг ялсан америкийн бөхийг харахад бас л эвгүйрхэнэ биз. Энэ америк бөхийг ялна гэж л үзэн ядахаас өөр замгүй л дээ. Сэрээтэр тэр жил ДАШТ-тэй дүйцдэг Дан коловын тэмцээнээс алт медаль хүртсэн. Дамдиншарав Унгарын тэмцээнээс алтан медаль авсан байсан.
-Та хэдэн олимп, ДАШТ-д хүч үзэж байв?
-Би чинь таван олимпийн наадамд оролцсон хүн. ДАШТ гэвэл 1963 оноос манай улс оролцож эхэлсэн. Тэгэхээр 10 гаруй ДАШТ-д оролцсон. Харин Москвагийн 1980 оны олимпийн наадамд Дамдиншарав дасгалжуулагчаар, би олимпийн тасгийн даргаар бүх бөхөө хариуцаж явсан юм. Би 1972 -1977 он хүртэл дасгалжуулагчаар ажилласан. Тэгэхэд З.Ойдов Швейцариас мөнгөн медаль авсан юм. 1975 оны Дэлхийн цомын АШТ-ээс манай бөхчүүдээс Хишигбаатар л алтан медаль хүртсэн. 1969 оноос чөлөөтийн ДАШТ 10 жингээр аваргаа тодруулж эхэлсэн. 1973 онд Иран Тегеранд Самбо, сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ хамт болсон юм. Тэгэхэд би багийн ахлагч байсан. Самбо бөхөөр Чанарав Дэлхийн аварга болсон. Хойлогдорж чөлөөт бөхөөр мөнгө, Энхтайван хүрэл медаль хүртсэн.
-Болгарт анх явж чөлөөт бөхөөр хичээллэсэн, анхны шигшээ багийн тамирчдынхаа дурсана уу?
-Санжаа гэдэг нэр чинь Сан Жаа гээд Болгарын бурхны нэр юм билээ. Том Санжаа гуай 1963 оны ДАШТ-д долдугаар байрт орсон. Эрдэнэ-Очир гуайн хувьд Олимп, ДАШТ-д тавдугаар байрт хэд хэдэн удаа шалгарсан бөх. Анх удаа Болгарт очиход Цэрэндагва бид хоёр 20 настай байж. Бид тэнд байхдаа хотуудаар явж тэмцээнд оролцоход Ц.Дамдин, Цэрэндагва багш хоёр нэг ч ялаагүй юм. Дамдин нь арай ахимаг настай хүн байсан юм. Тэгээд л Цэрэндагвыг дасгалжуулагч болох хүн гэж сонгосон
-Үе үеийн олон аваргатай барилдаж явсан хүний хувьд хэн нь танд хамгийн их эвгүй барилдаантай байсан бол?
-Аваргуудыг тал талаас нь судлаад үзэхэд, Н.Жамъян гуайн үеийн "дээр үеийн" аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ. Дамдин аваргын хувьд тав түрүүлж байх үедээ ганц л удаа унасан байдаг. Харин би таван жил дараалан түрүүлж байхдаа заалны барилдаанд унаж л байсан. Ингэхээр би Дамдин аваргаас дутуу л байгаа биз. Гэхдээ Дамдин аварга циркийн жүжигчин байсан болохоор хагас, бүтэн сайнд барилдах зав гардаггүй байж. Дамдин аварга ганц унахдаа Гоодойн аманд болсон бөхийн барилдаанд Төв аймгийн Нагнайдорж гуайд унасан юм билээ. Нагнайдорж гуай хөдөөнөөс тээврийн жолооч байхдаа тэгж түрүүлээд даага авсан гэдэг . Тэгээд нөгөө даагаа арай гэж л 25 төгрөгөөр зарсан гэж хуучилдаг. Дамдин, Мижиддорж гуай хоёр зэрэг гарч ирсэн нэг үеийнх юм. Намайг анх улсын наадамд түрүүлэх жил Дамдин аварга байгаагүй. Тэгээд би үзүүр түрүүнд Мижиддорж гуайтай үлдсэн. Их сонин, Мижиддорж гуай улсын наадамд 17-18 удаа таваас дээш давахдаа есөн удаад нь Дамдин аваргад унасан байгаа юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Тэгэхээр өнөөдөр энэ яриад байгаа чинь юу ч биш шүү дээ. Ч.Санжаадамба, Лхагвадоржид унасан нь байдаг л зүйл байгаа биз.
-Ардын багш Сэрээтэр гуай, Мөнхбат, Баянмөнх аваргын ухааныг, Бээжин аварга, А.Сүхбат нарын гавшгай хурдан, угсраа олон мэхийг эзэмшсэн бөх төрвөл дэлхийд хүчрэгдэхгүй бөх гарна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Манай Сэрээтэр чинь миний ах Чадраабал гэж гүйдэг хүн байсан, түүний энэ мэхийг сайн сурсан хүн. Сэрээтэр бие халаахдаа л хөлөрчихдөг, их задгай хөлстэй бөх байсан юм. За даа, Монголоос сайн бөх төрөх нь тодорхой. Төрж ч байна. Төрөх ч болно.
-Дархан аварга Х.Баянмөнх аварга та хоёрыг бөх сонирхогчдыг хоёр талцуулахад хүргэж байсан гэдэг. Гэхдээ та хоёр хоёулаа л Монголынхоо нэрийг хамтдаа мандуулсан бөхчүүд гэдгээрээ олон түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд. Энэ талаар юу хэлэх вэ?
-Баянмөнх аварга хавчигдсан гэж яриад байдаг. Тийм юм байхгүй. Баянмөнх ганц түрүүлээд л аварга болсон. Хоёр түрүүлээд л дархан аварга болсон. Тэгвэл би гурав түрүүлж байж л аварга болж байлаа. Тэгэхээр нарийн яривал хэн нь хавчигдсан байхав. А.Сүхбат өргөдөл бичиж Даян аварга боллоо. Тэгвэл Өсөхөө бас өргөдөл бичиж болно биз дээ. Энэ гажууд юмнаас чинь талцал гэдэг юм бий болдог. 1971 оны ДАШТ-д би гэмтээд үлдсэн. Тэгэхэд 48 кг-д Б.Жамсран, бас Х.Баянмөнх хоёр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Тэднийг эх орондоо ирэхэд адилхан 6000 төгрөг өгөөд, Баянмөнхөд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Энийг юу гэхэв. Үнэн түүх л энэ.
-Мехикогийн олимпийн наадмаас медальтай ирсэн дөрвөн бөхийг бас л ялгавартай шагнасан гэдэг?
-Тэр үед Дамдиншарав, бид хоёр гавьяат тамирчин болчихсон байсан. Харин Баянмөнх, Т.Артагийг цалин дээрээ гарын үсэг ч зурж чаддаггүй гэж матаад л гавьяат тамирчин болгоогүй шүү дээ. Тэгээд бүр хойно1991 онд авах ёстой гавьяатаа авсан. Увс аймгийн анхны гавьяат нь Артаг л байх ёстой байсан.
-Тамирчин хүний хөдөлмөрийг тухайн үед нь үнэлж, шагнах ёстой гэж хэлж байна уу?
-Олимпийн медальтан тамирчинд 2008 оны олимпоос эхэлж мөнгөн шагнал олголоо шүү дээ. Олимпийн хүрэл медальт Мөнхбаяр үүнээс л болж гадаадын иргэн болсон. Хэрэв авах ёстой шагналаа авсан бол тэр нөхөр нь харин манай улсын иргэн болох байсан болов уу. Мөнхбаярын хувьд хоёр олимпийн наадмаас медаль хүртсэн гэдгээрээ манай олимпийн медальтнуудаас хамгийн агуу нь гэж болно. Тамирчны шагналаас дасгалжуулагч нь 30-40 хувийг нь авах гэж бөөн юм болдог байсныг Монголын олимпийн медалтнуудын холбооноос л санал гаргаж өөрчилсөн. Манай өнөөгийн бөхчүүд, тамирчид чин сэтгэлээсээ бэлтгэлээ л сайн хийхэд амжилт гаргах бүрэн боломжтой. Бүх нөхцөл нь бүрдсэн байгаа нь таатай хэрэг.
-Таны төрсөн нутагт таны нэрэмжит бөхийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай, энэ тухай сэтгэгдлээ хэлнэ үү?
-Энэ тэмцээн бол зөвхөн үндэсний бөхийн төрлөөр гурван насны ангилалд явуулдаг юм. Дэлхий нийтээрээ бөх гэдгийг юугаар тодорхойлох вэ? гэвэл Монгол бөхөөр тодорхойлно. Өнөөдөр дэлхий дээр хөгжиж байгаа чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, самбо гээд бөхийн бүх төрлийн эцэг нь Монгол бөх. Монголын нутаг дээр хөгжиж байсан үндэсний бөх гурван янз байдаг. Сонгомол барилдааны адил цээж нь цээжтэй, гар нь гартай, хөл хөлтэйгөө барилддаг шиг Өвөрмонголд гар, хөлөөрөө барилддаг бөх байна. Баруун монголын "Бух барилдаан" гэвэл далаар нь унагадаг. Төв монголын бөхийн барилдаан бол олон талт барилдаан хийдэг, тал бүрийн унагалт,ойчилтыг багтаасан байдгаараа онцлогтой . Тиймээс ч монгол үндэсний бөх бол бүх бөхийн онцлогийг цогцлоосон эцэг бөх гэж үзэх үндэслэлтэй.
-Саяхан МҮБХ-ны "Их Эе" хуралдсан. Та оролцсон төлөөлөгчийн хувьд юу хэлэх бол?
-Үндэсний бөхийн холбооны "Их Эе"-ийн хуралд санаа бодлоо хэлсэн. Үндэсний бөхийн асуудалд хоёр зүйлийг би эсэргүүцдэг юм. Тухайлбал, Харцага, Гарьд гэж цолыг хасах нь зүйтэй. Харин хүүхдийн бөхөд энэ цол байж болох юм. Начин цолыг Начин шонхор гэж хос үгээр л хэлж байсан. Эрт дээр үеэсээ уламжилж ирсэн цол байхад л болно. Шувуу гэдэг амьтан чинь тийм ч бат суурьтай амьтан биш. Элээ хүртэл усны шувуу шиг намар буцаад хавар ирдэг шүү дээ. Тэгэхээр би шувууны амжилт бол өөдтэй амжилт биш гэж ойшоодоггүй. Энэ хурлаар хүүхэд багачуудаа бага наснаас нь үндэсний бөхөөр барилдуулж, ЕБС-ийн хөтөлбөрт нь хүртэл оруулж өгье гэсэн санааг бид дэвшүүлж, зорилт тавиад байгаа.
-Та эцэг, эхээс хэдүүлээ, танайханд бөхийн удам байдаг уу?
-Би эхээс 11-үүлээ. Манайх долоон хүү, найман охинтой айл. Би долоон хүүгийн хамгийн отгон нь, харин айлын 10 дахь хүүхэд. Аав, ээжийн талд бөх барилдаг хүмүүс байлгүй яахав. Удам гэж ярих нь их зохимжгүй. Харин монгол хүн бүр л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бөхийн удамтай. Жишээ нь манай монгол эмэгтэй хүн бол, хоёр хүн барилдаад нэгийгээ унагахдаа тонгорох мэх хийхэд тонгороод, суйлахад суйлаад, хөлөөс татахад хөлд ороод, дэгээдээд хөмрөөд хаялаа гэж л хэлнэ. Тэгвэл гадаадынхан хөмрөх мэх хийгээд унагахад хөлний хооронд нь хөлөө оруулж ороогоод унагасан гэж хэлнэ биз дээ. Энэ бол ямар ч бөхийн мэх мэдэхгүй хүний яриа. Тэгэхээр монголчууд бүгд л бөхийн удамтай ард түмэн. Япончууд хүртэл монголчууд та нар ухаан, бяраараа ч цөөхөн хүн амтай гэж чамлахааргүй чанарлаг ард түмэн гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь дур сонирхлоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгсэн байхад монгол хүүхэд бүхэн л авьяас чадвартай.
-Монголдоо төдийгүй дэлхийд данстай 20 дугаар зууны их аварга, 21 дүгээр зууны их аварга болсон аав, хүү хоёр төрөх нь ховор байх. Таны хүү яагаад сумо бөхийг сонгосон юм бол, энэ бас л сонин түүх ?
-1984 онд Монголд Японы жүдочид ирсэн. Тэгэхдээ надад нэг сумо бөхийн сэтгүүл өгсөн юм. Даваажаргал чинь багаасаа л тэр номыг үзээд л сумо бөх болно гэдэг байсан. Жүдогоор хичээллэ гэсэн чинь үгүй, би заавал сумод л явна гэдэг байсан. Тэгээд аав та архи уугаад л байдаг, арын хаалга байна уу? Би сумод ормоор байна гэдэг байлаа. Тэгээд 15 настай, гурван сарын хугацаатай сумод авсан юм. 1992 онд анх Монголын зургаан хөвгүүн Японд сумоч болох гэж очсон. Тэд сарын 500 ам.долларын цалинтай явсан юм. Тэгээд нэг жил болоод бүгд 6000 ам.доллартай болоод бэлтгэл сургуулилтаас нь халшираад тав нь зугтсан юм. Тэгэхэд ганц Энхбат дэвжээндээ үлдчихээд нөгөө хэддээ, би ганцаараа үлдлээ. Та нар намайг өрөвдөөч гэж захиа бичсэн байдаг юм. Тэр үед Энхбат бас зугтсан бол манайд сумо бөх ингэж олон монгол залуусыг хамруулж хөгжих эсэх нь тодорхойгүй шүү дээ. Тэгээд ч багаасаа сумод зүрх сэтгэлээ өгсөн Энхбатад дэвжээ нь байр өгч, дээд сургуульд сургасан. Сумод монгол хөвгүүдийн хүчийг сорих их аянд мордуулсан анхны алтан хараацай яах аргагүй Энхбат байгаа биз.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

 Tuesday, January 25, 2011 
Тамхины утааг сорох бүрт бие, эрхтний үйл ажиллагаанд саатал учруулдаг болохыг олон улсын судлаачид тогтоосон. "Янжуурыг ганц сороход л хүний ДНК-ийн бүтэц өөрчлөгдөх аюултай. Ийм хэлбэлзэл ойр ойрхон болбол хорт хавдар ч үүсэх магадлалтай" гэж уг судалгаагаар нотолжээ. Уушигны хорт хавдар, үрэвслийн 85 орчим хувь нь зөвхөн тамхинаас үүдэлтэй. Монголчуудын хувьд тамхинаас үүдэлтэй өвчлөлт, нас баралт жил ирэх тусам өссөөр байна. Тиймээ, энэ чимээгүй тахал нь монголчуудыг эрүүл саруул аж төрөхөд нь саад учруулж байдгийг бид огтхон анзаарч, анхаардаггүй нь Монголын гашуун үнэн гэж болно.
"Эрхэм хэрэглэгч та хаан" хэмээх шударга зарчмыг өнөөгийн зах зээлийн нийгэмд хамгаас чухалд үзэж, үнэлдэг. Тиймээс ч хэрэглэгчийн эрүүл мэнд, ая тухыг хангасан, эрэлт хэрэгцээнд нийцсэн шилдэг хүнс, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон шилдэг үйлчилгээ, харилцааг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаагааг зохих ёсоор үнэлж урамшуулах төрийн бодлого ч байдаг. Тэдэнд ашиг орлогын татвараас нь хөнгөлөлт үзүүлж, урамшуулж, хөхиүлэн дэмжих нь ч зүйн хэрэг.
Харин хүн амын эрүүл мэндийг хордуулаад зогсохгүй, нийгэмд олон сөрөг нөлөөллийг бий болгож, иргэдээс үр ашиггүй зардал гаргуулж байдаг архи, тамхи зэргээс хор холбогдлыг нь ойлгосон улс орнуудын төр нь төдийгүй иргэд нь тамхинаас татгалзах болсон. Өнөөдөр дэлхийн олон оронд архи, тамхи үйлдвэрлэгчдийг онцгойлон үзэж, бусдаас ялгаатай өндөр татвар авч, ард иргэдээ энэ чимээгүй тахлаас хамгаалах бодлого баримтлах болов. Тухайн орны ард иргэд нь ч ухамсарлаж төрдөө ийм шаардлагыг тавьж, хяналт тогтоож байгааг бид мэднэ. Тухайлбал, манай өмнөд хөрш БНХАУ-д тамхидалтын эсрэг хатуухан тэмцэл явуулж эхэлсэн. Бусад олон улс орнууд ч тамхинаас татгалзаж, үүний эсрэг олон арга хэмжээ авч, ард иргэдээ энэхүү чимээгүй тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхой болгож амьдралд хэрэгжүүлж байна. Харин манай улсын хувьд байдал огт өөр байгаа нь нууц биш.
\tab\tabТамхи үйлдвэрлэгч, импортлогчид монголчуудын өмнө хариуцлага хүлээх ёстой атал...
Үндэсний үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагыг бид жил тутам шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг татвар төлөгч байгууллагаар үндэсний үйлдвэрлэгч хэмээгдэгч 10 жил ядуу монголчуудаа хордуулж, халаасыг нь хоосолж байгаа "Монгол тамхи Со" ХХК-ийг тодруулсаар байгааг яалтай. Энэ бол хүнлэг ардчилсан нийгмийг байгуулж байгаа улс орны хувьд "Ариун үйл хэрэг" мөн үү?
"Эрүүл Монгол хүн"-ийг хордуулж ашиг олсныхоо төлөө тус компани татвар төлөх нь зайлшгүй хүлээх хариуцлага, үүрэг нь юм. Гэтэл үүнийг олон нийтэд шилдэг татвар төлөгч гэж хэмээн зарлан тунхаглаж байгааг юу гэж ойлгох билээ. Монгол Улс хөгжил буурай, төр нь хүчгүй орон гэдгийг "Монгол тамхи Со" ХХК-ийн сүүлийн 10 жилд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн эсрэг хийсэн улс орныг хамарсан байлдан дагуулалт гэрчилж байна. Өнөөдөр дэлхийн хамгийн ядуу буурай, хөгжил сул орнуудыг дэлхийн тамхины томоохон пүүс, компаниуд онилж, тэнд хүрээгээ өргөжүүлж байгаа нь нууц биш болсон. Эндээс л тэд шахагдсан зах зээлээ олж, алдсан хэрэглэгчдээ нөхөж авч, ашиг орлогоо нэмэгдүүлж байна!
Хүн ардаа хордуулж байгаа тамхи үйлдвэрлэгчийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шилдэг татвар төлөгч, үндэсний үйлдвэрлэгч "Монгол тамхи Со" ХХК 10 нас хүрлээ. Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе!" хэмээн сүр дуулиантай рекламдаж байгаа юу гэх билээ? Уг реклам сурталчилгааг өглөө, оройгүй телевизийн дэлгэцнээ гаргаж хот, хөдөөгүй хүүхэд залуусын тархийг угаасаар л байна. Бас дээр нь хуучин, шинэ оны баярын мэндчилгээ болгож хүн бүхний гар утасны мессежээр уг сурталчилгааг цацаж монголчуудаа басамжиллаа. Харин яг энэ үеэр тамхины тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, тамхи татагчдын эсрэг тодорхой арга хэмжээ авах хууль, тогтоомж гаргаж олны сонорт хүргэх гэж байна. Ингэж эсрэг, тэсрэг үйл ажиллагаа явагдаад байгаа нь Монголд төр, засгийнхаа шийдвэрийг үл ойшоосон, ашиг сонирхлын зөрчилтэй эрх мэдэлтнүүдтэй бий болсныг нотолж байна бус уу!
Өнөөдөр гурван сая хүрэхгүй хүн амтай /тэдний 70 гаруй хувь нь хүүхэд, залуус/ Монгол Улсын хэмжээнд Алтан навчис, Улаан шонхор, Цагаан өргөө, Хийморь зэрэг хамгийн хямд тамхи үйлдвэрлэдэг "Монгол тамхи Со" ХХК-иас гадна гадаадаас тамхи импортлогч олон компани бий. Тухайлбал, Волтам ХХК /LD, MILD SEVEN, Sobranie, Glamour, Winston, янжуур борлуулдаг/, Сютль Бимекс ХХК /КENT, Vogue/, Номун Табак ХХК /Parlament, Marlboro, Muratti, LM/, Цахиур ХХК /Davidoff, West, Polo, Maxim/, Алтангадас ХХК /Esse, This/ зэрэг 10-аад компани албан ёсны зөвшөөрөл авч 20 гаруй төрлийн тамхийг худалдаалж монголчуудаа хордуулж байгаа юм.
Энд ганцхан компанийн үйл ажиллагааг танилцуулъя. Волтам ХХК нь 2002 онд Англи улсын "Галлахер" компаний албан ёсны дистрибьютер болж, тус компаний LD нэрийн янжуур тамхийг анх Монгол Улсад импортлон, борлуулж эхэлжээ. Улмаар Японы "JT INTERNATIONAL" компани Английн "Галлахер" компанийг өөртөө нэгтгэснээр Волтам ХХК нь 2007 онд JTI компанийн албан ёсны дистрибьютер болсон. Өнөөдөр тус компани JTI-гийн Mild Seven, LD нэрийн нийт 12 төрлийн янжуур тамхийг импортлон, Монголын зах зээлд борлуулж байна. Тус компани нь нийслэлд жижиглэн, сүлжээ дэлгүүр болон бөөний захаар нийт 2000, орон нутагт 10 гаруй харилцагчтайгаар борлуулалт хийдэг бөгөөд Улаанбаатарт тогтоосон маршрутын дагуу өдөр бүр борлуулалт хийж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг тасралтгүй хангадаг. Волтам ХХК нь 2005 онд "EXPO GROUP PR MONGOLIA LLC"-ээс зохиогдсон "Цагаан сар-Эрүүл хүнс" үзэсгэлэн худалдаанаас тусгай байрын шагнал хүртсэн. Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТ-ийн хамтарсан 2006 оны "ТОП 100" аж ахуйн нэгж шалгаруулах уралдааны "ТОП 100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгж" -ээр шалгарсан. 2009 онд МУЗН-ийн "Хүмүүнлэгийн үйлсэд хандивлагч оны шилдэг байгууллага"-аар шалгарч өргөмжлөл хүртжээ. Энэ нь ард иргэдээ "тамхи" хэмээх "чимээгүй тахал өвчин"-өөр хордуулсны төлөө нь ингэж олон түмэнд сурталчилж, урамшуулж байгаа юм болов уу? Тамхины тухай хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр ийм л байна.
\tab Нэмэлт өөрчлөлт оруулсан "Тамхины хяналтын тухай хууль" дуншсаар л байна...
УИХ-ын чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа ч уг асуудлыг нааштай шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас л энэ хууль дуншаад байгаа юм биш биз!. Нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийн газруудад тамхи татаж болохгүй гэсэн заалт нэмэгдэх учиртай. Жишээ нь, олон нийтийн газар тамхи татаж, бусдыг хордуулсан бол 10-11 мянган төгрөгөөр торгох зэрэг нэмэлт заалтууд ч орсон. Монголчууд харийн оронд очоод хуулийг нь дагадаг мөртлөө эх орондоо мөрдөж яагаад болохгүй гэж. Өндөр хөгжилтэй орныг дуурайдаг бид, тэдний тамхины эсрэг явуулж байгаа авууштай тэр хууль дүрмийг нь хуулж аваад хэрэгжүүлъе л дээ.
2007 онд явуулсан "Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээний судалгаа"-ны дүнгээс харахад ЕБС-ийн 13-15 насны сурагчдын 81.1 хувь нь тамхийг худалдан авах боломж ихтэй, тэдний насыг үл харгалзан дэлгүүр, сургууль орчмын түргэн үйлчилгээний цэгээр тамхийг чөлөөтэй худалддаг, 60 хувь нь тамхины зар сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон гудамжны самбараас харсан гэж хариулжээ. Эдгээр нь сурагчдын дунд тамхины хэрэглээг нэмэгдүүлэхэд шууд нөлөөлж байна. Сурагчдын 79.1 хувь нь тамхийг олон нийтийн үйлчилгээний газар татахыг хориглосон хуулийн заалтыг мөрдүүлэх нь чухал гэжээ.
"Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох" 2009 оны судалгаагаар 15-64 насны хүн амын 27,6 хувь нь тамхи татэж байгаагаас эрэгтэйчүүд 48,0 хувь, эмэгтэйчүүд 6,9 хувийг эзлэж байна. Энэ тоог 2005 оны судалгааны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ өөрчлөгдөөгүй, харин эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ нэмэгдсэн байна. Судалгаагаар хоёр хүн тутмын нэг (42,9%) нь гэртээ, гурван хүний нэг нь (35,6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгааг тогтоожээ.
Хүн амын дунд тамхины хэрэглээ буурахгүй байгаагаас шалтгаалан тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Тухайлбал, Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 10000 хүн амд ногдох хавдраас шалтгаалсан нас баралт 2004 онд 20,0 хувь байсан бол 2009 онд 20,8 болж нэмэгджээ. Үүнээс уушигны хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 2007 онд 10000 хүн амд 9,8 байсан бол 2009 онд 12,1 болж, уушигны хавдраас шалтгаалсан нас баралт эрэгтэйчүүдийн дунд 2005 онд 10000 хүн амд 16,1 байсан бол 2009 онд 16,7 болж тус тус нэмэгдсэн нь зайлшгүй анхаарах ёстой үзүүлэлт юм.
Тамхины тухай хяналтын хуулийн төсөлд, тамхи үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид сүүлийн үеийн техник, технологи ашигладаг байх. Үндэсний болон олон улсын спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёлын зүтгэлтэн, кино од, алдартай тамирчдыг зар сурталчилгаандаа оролцуулах замаар тамхийг сурталчилдаг нь хүн амд ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөөлж тамхины зах зээлийг өргөтгөдөг болохыг хэлж байсан.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь зургаан зүйлтэй. Үүнд, тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад уламжлалт ашиг сонирхлоос хамгаалах, тамхины хяналт, нийгмийн эрүүл мэндийн асуудлаар тамхи үйлдвэрлэгчтэй харьцах үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байлгах заалтуудыг оруулжээ. Мөн тамхин бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол, шошгод тавих шаардлагын талаархи зохицуулалтыг нарийвчилж төсөлд тусгасан.
\tab\tab\tabТамхидалтын эсрэг хотлоороо нэгдэн тэмцъе!
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2011 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс нэгэн шинэ журам хэрэгжүүлэхээр болж үйлчилгээний төв, зоогийн газарт тамхи татахыг хориглосон. Мөн томоохон худалдаа үйлчилгээний сүлжээ дэлгүүрийн кассны дэргэд тамхи худалдахыг хориглоод байгаа юм. Харин энэхүү тамхи татахыг хориглосон журам зоогийн газруудад хэрэгжихэд чамгүй саадтай тулгарах нь мэдээж. Өнөөдөр ихэнх зоогийн газар үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу тамхи татахыг хориглож чадахгүй л байна.
Тамхины тухай хуулиндаа ширхэгээр тамхи зарахыг хорьсон байдаг ч хэрэгжихгүй л байгаа. Ганц энэ хуулийн заалтыг л бид бодит амьдралд хэрэгжүүлж чадвал тамхидалтын эсрэг мөн ч том дэвшил гарна даа. Үүнд нийт иргэд, олон нийтийн хараа хяналт, шаардлага хамгаас чухал. Өнөөдөр тамхи ямар их аюулт тахал өвчин болохыг хүн бүхэн мэддэг болсон. Харин тамхи татдаггүй, тамхийг жигшигчид хамтын хүчээ нэгтгэж хүүхэд, залууст тамхины хор холбогдлыг сурталчилан таниулсан клуб, нэгдэл байгуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болов уу. Энэ бол бид өөрсдийнхөө болон өрөөл бусдынхаа эрүүл мэндийн төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. Дэлхий өндөр хөгжилтэй улс орнууд тамхинаас татгалзах болсон нь тэд эрүүл мэндээ, ирээдүй хойч үеэ бодсон сайн үйлс. Энэ сайн үйлсийг Монгол эх орондоо дэлгэрүүлж "Эрүүл Монгол хүн" болцгооё!\tab\tabИргэн бүр өөрийгөө болон өрөөл бусдыгаа хүндэтгэн тамхины утаагүй эрүүл орчинг бүрдүүлэх энэхүү журмыг хүлээн зөвшөөрч биелүүлж чадвал өсвөр хойч үеийнхээ өмнө хийж буй үнэлж баршгүй энэрэнгүй үйлс болно гэдгийг ойлгоосой. Хэрэв та үнэхээр тамхи татмаар байвал тусгай цэг эсвэл тамхи татахыг зөвшөөрдөг баар рестораныг зорих ёстой гэдгээ ухамсарлаж хэвшъе. Энэ бол нийслэлийн иргэн таны хувийн соёл гэдгийн бүү март. Тиймээс ч энэ журмын дагуу тамхигүй орчинг тусгай тэмдэглэгээтэй болгож хүн бүхэнд таниулъя. Хаана тамхи татаж болох, хаана тамхи татаж болохгүй гэсэн тэмдэглэгээг олон нийтийн үйлчилгээний газруудад тавьж хэвшүүлэх шаардлагатай байна. Нийслэлчүүдийн соёлын нэг томоохон илэрхийлэл нь энэ байх учиртай.
УИХ-ын чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Монгол хүнээ хамгаалсан хууль төрнө гэдэгт итгэлтэй байна. Харин хэрэгжилт ямар байх нь Монгол Улсын иргэн бүхнээс хамааралтай. Бас төрийн шударга, хяналт, зохицуулалт ч чухал нөлөөтэй. Таван жилийн өмнө батлагдсан Тамхины хяналтын тухай хуулиар зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт утаат тамхи татахыг бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох талаар зохицуулсан байдаг. Гэсэн ч хууль тэр бүр хэрэгжихгүй байгаагаас олон хүн сургууль, ажлын байр, олон нийтийн газарт тамхины утаанд өртсөөр л байна.
Д.Өлзийсайхан

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Д.Өлзийсайханй!
Tuesday, January 25, 2011
Өнөөгийн хүүхэд, залуусын сэтгэлгээ, амьдралын хэв маягт эрс өөрчлөлт гарсныг ахмад үеийнхэн одооны хүүхдүүд хүмүүжилгүй, ухамсаргүй болсон гэж шүүмжилдэг. Хэрвээ тийм бол тэд бидний л хүмүүжүүлж, өсгөсөн хүүхдүүд гэдгийг бид мартах ёсгүй. Тэд л улс орноо авч явах бидний хойч үеийнхэн. Үүнийг бид ойлгож хүлээн зөвшөөрч, цаг алдалгүй тэдэнд хайр халамжаа үзүүлж, хараа хяналт тавьж, зааж, зөвлөх нь бидний үүрэг, хариуцлага, хийх ёстой ажил байх учиртай.
Монгол Улс хүчирхэг эдийн засагтай, иргэд нь элбэг хангалуун амьдралтай улс орон болж хөгжих нь төрийн зөв алсын хараатай бодлогоос шууд хамаарна. Энэ хөгжлийн эхэнд нь "Монгол хүн" байх ёстой. Эрүүл саруул, хүнлэг ёс суртахуунтай, ажилтай, мэргэжил, боловсролтой иргэд л улс орноо хөгжүүлж чадна. Хүн амынх нь 70 гаруй хувийг эзлэж байгаа хүүхэд, залуусаа халамжилж, анхаарч, боловсрол, мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангах нь төр, засгийн төдийгүй бидний эн тэргүүний зорилт юм.
Аливаа улс оронд томоохон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, бүтээн байгуулалт, эдийн засаг, худалдааны зах зээлийн хөгжлийг дагаад эерэг, сөрөг олон үр дагавар бий болдог жамтай. Тиймээ, их мөнгөний урсгал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэж, хүн амын төвлөрөл бий болсон газарт дэлхий нийтийг түгшээж байдаг хар тамхи, хүний наймаа зэрэг "хар" бизнесээс эхлээд хууль бус үйл ажиллагаа эрхлэгчид шүлэнгтэж байдаг. Даяаршсан өнөөгийн нийгэмд хүүхэд, залуусыг энэ буруу замд хөтлөгчдийн үйлдэгчдэд болон уг үйлдлийг таслан зогсооход хил хязгаар гэж байхгүй болсон. Ийм л мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд олон боломж, давуу тал ч бий, сөрөг талууд ч байгаа.
\tab\tab\tab\tab "Монгол хүн"-ий "Сор" нь хөлчүү байх гэж үү?
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд архидалт, үүнээс үүдсэн гэмт хэгийн гаралт, авто осол хэрээс хэтэрч байгааг бид харж байна. "Монгол хүн"-ий сор байх ёстой цөөнгүй өсвөр залуу үеийнхэн хөлчүүрч, гэмт хэрэгт холбогдох болсон нь тун харамсмаар... Монголчуудын энэ эх захгүй замбраагаа алдсан архидалт нь хүүхэд, залууст ч хүчтэй нөлөөлөх болсныг бодит амьдрал нотолж байна. Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд спиртын 12, архины 78, шар айргийн 13, дарсны найман үйлдвэр тоологджээ. Согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, баар, цэнгээний газар гэвэл толдоох аргагүй тоймгүй олон. үүнийг батлах ганц баримтыг дурдахад, Монгол Улсын насанд хүрсэн нэг хүнд 74 шил архи ногддог гэж байгаа. Жилийн жилд ЕБС болоод их, дээд сургуулиудын төгсөлтийн хонхны баярын үеэр гэмт хэрэг өсдөг. Сурагчийн ширээнээс оюутны ширээнд эсвэл оюутны ширээнээс ажлын талбарт очих өвсөр үеийнхэн хэрэгтний ширээнд очдог нь тун эмгэнэлтэй. Улсын хэмжээнд 2010 онд 109,8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 10,7 мянган хүн баривчлагдсан байна. Энэ тоо өнгөрсөн оноос буурсан гэж байгаа. Гэхдээ л сүүлийн таван жилд ийм л тооноос дээш доош 10-20 дотор л эргэлдэж байгаа гэж үзэхээр архидалт ямар түвшинд хүрснийг харуулж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээгээр ажилгүй 131,6 мянган иргэн бий гэсэн судалгаа гарсан бөгөөд тэдний дийлэнх нь 18- 40 насны залуус. Энэ бол үнэхээр архидалтыг өдөөж байдаг нэг эх сурвалж. Улсын хэмжээнд 2010 онд 19825 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр гэмт хэргийн 54,8 хувь нь нийслэлд, 43,7 хувь аймгуудад, 1,5 хувь нь хилийн чанандахд болон төмөр зам, агаарын тээврийн цагдаагийн хэлтэст үйлдэгджээ. Үүнээс согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оныхоос 8,3 хувиар өсчээ. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч 2010 онд 19378 байгаагийн 907 нь 18 хүртэлх насны хүүхэд, 2382 нь эмэгтэйчүүд байна. 2010 онд гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдын 57,4 хувийг ажилгүй иргэд байсан бол 15,4 хувийг ажилчин, малчид, 7,2 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчид холбогджээ. Мөн 6,3 хувийг оюутан, сурагчид, 6,2 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 5,3 хувийг төрийн албан хаагчид, 1,2 хувийг ТББ-д ажиллагчид тус тус эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 2010 онд 7486 хүн гэмтэж, 1191 хүн амь насаа алдсан бол гэмт хэргийн улмаас 19381 иргэн хохирсон тоо гарчээ.Үүнээс үзэхэд, архидалт, гэмт хэргийн гаралт нь манай нийгэмд чамгүй гай зовлон, бэрхшээл дагуулж байгааг харуулж байна.\tab\tab\tab\tab\tab
Сүүлийн жилүүдэд аюулын харанга дэлдэх болсон төвөгтэй асуудал бол "хар тамхи" буюу мансууруулах бодис хэрэглэх, худалдах гэмт хэрэг юм. Саяхан БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Пикасо" зочид буудалд Орхон аймгийн харьяат 16 настай Ч, М, 15 настай Л нар мансуурсан байдалтай сууж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн. Энэ бол нийслэлд төдийгүй улс орны хэмжээний асуудал болсныг гэрчилж байна. Мөн Орхон аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хар тамхи хэрэглэдэг 10 гаруй хүн болон Эрээн, Бээжин хот руу эмэгтэйчүүдийг дамлан худалдаалдаг байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй хэд хэдэн хүнийг баривчилсан тухай гээд цөөнгүй баримтыг дурдахад л байдал ямар байгаа хангалттай нотолно.
Өнөөдөр дэлхий даяар жилд доод тал нь дөрвөн сая хүнийг хил давуулан худалддаг гэсэн судалгаа бий. Хүн худалдаалах нь ашиг орлогын хувьд мансууруулах бодис, зэвсгийн наймааны дараа гуравдугаарт орох "хар" бизнес юм. Хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон Монгол Улсын иргэний тоо 10 жилийн өмнө хоёр байсан бол 2009 онд зөвхөн мэдэгдсэн нь 143-д хүрээд байна. Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд энэ төрлийн 69 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ гэмт хэргийн гаралтын хурд нь бидэнд бас нэгийг хэлж, анхааруулаад байгаа юм.
Хот, суурин газарт төдийгүй хөдөө, орон нутагт ч дээрмийн гэмт хэрэг ч нэмэгдэх болов. Энэ хэрэгт оюутан залуусаас эхлээд насанд хүрээгүй охид хүртэл холбогдох нь тун харамсалтай. Өсвөр насны охидыг эцэг, эх багш нь "шөнө үдэш болгоомжтой яваарай. хэн нэгний халдлагад өртчих вий" гэж сэрэмжлүүлдэг. Гэтэл өнөө үед охид маань бусдаас айх биш харин өрөөлийг айлгаж, дээрэм хийж байна гээд боддоо. Ж.Халиун, Д.Мөнхзаяа, Р.Оюунтөгс нарын 16-20 насны охид бүлэглэн дээрэм хийж, анхан, дунд, хяналтын шатны шүүхээс таван жилийн ял авсан юм. Тэд бүлэглэн иргэн Б-гийн гар утас, цүнх зэрэг нийт 170 орчим мянган төгрөгийн эд зүйлийг дээрэмджээ. Хүүхдээрээ тэдэнд арай дэндүү ял оноож орхив уу гэтэл тэд өмнө нь танхай, хулгайн хэргээр шийтгүүлсэн байв.
Сүүлийн жилүүдэд гудамж талбай, олон нийтийн газар гэмт хэрэг үйлдэх нь багасч, ахуйн хүрээнд буюу гэр орон, орон сууцанд төдийгүй олноос зайдуу, нууц далд газар зориудаар харгис хэрцгий байдлаар үйлдсэн гэмт хэрэг ихэсч байгааг яалтай. Харин гэмт хэрэгтний хэрэг үйлдэх арга зам далд хэлбэрт шилжиж, нарийссан ч цагдаагийнхан илрүүлсээр л байна.
\tab\tab\tab\tab\tab\tabТэдэнд боломж, халамж чухал байна!
Өсвөр үе, хүүхэд, залуусын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх газар нийслэлийн төдийгүй улс орны хэмжээнд хомс байна. Харин тэдэнд хаана л бол хаана үүд хаалга нь нээлттэй байдаг архины дэлгүүр, баар, цэнгээний газрууд өдөр, шөнийг ялгалгүй үйлчлэх болжээ. Энэ тухай бид байнга л шүүмжилдэгч дорвитой ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Бидний үр хүүхэд ийм л хүйтэн цэвдэг, эрүүл бус архи, тамхины манантай орчинд өсч өндийж байна. Мэдээллийн эрин үед амьдарч байгаа хүүхэд залуусыг дээр дурдсан буруу зан үйлд өдөөн, турхирсан, уриалан дуудсан ил, далд сурталчилгаа тэдний оюун санааг хордуулсаар... Төрийн эрх мэдэлтнүүд шат шатандаа арга хэмжээ авч байгаа гэдэг. Харин ямар үр дүнд хүрч байгаа нь харагдахгүй л байна.
Харин ирж буй шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай нийгэмд газар аваад байгаа архидалтыг таслан зогсоохыг уриалжь сүүтэй хундага өргөж ард иргэдээ уриалан дуудсан нь эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовниж байдаг бүх хүний сэтгэлд нэгэн гэрэл асаасан үйл явдал болсон билээ. Тиймээ, "Эзэн хичээвэл, заяа түшнэ".
Шинэ зууны хоёр дахь 10 жилийн босгыг алхаад байгаа монголчуудын хувьд цоо шинэ хөгжлийн гараан дээр ирээд байна. Бид хөгжих үү? Эс хөгжих үү? гэдэг тун хариуцлагатай үеийн торгон зааг дээр зогсож байгаагаа монгол хүн бүр мэдэрсэн 2011 он гэж болно. Бид энэ түүхэн зорилтоо алсын хараатай зөв тодорхойлж хэрэгжүүлж чадах аваас Монгол улсын иргэн бүхэн ажилтай, орлоготой, эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдрах бүх таатай нөхцөл бий болчихоод байгаа гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх бизээ! Харин бид хөгжилд хүрэх замыг заасан олон хаалганаас хамгийн зөвийг нь сонгож нээх л чухал байна. Дэлхий биднийг харж, хүлээж байгаа.
Үүний нэгэн тод жишээг энд дурдах ёстой. 2010 онд ханш нь хамгийн их өссөн үндэсний мөнгөн тэмдэгтээр "Bloomberg"-т Монгол төгрөг хэмээн онцолжээ. Монгол төгрөгийн ханш 15 хувиар өсч дэлхийд тэргүүлсэн байна. Энэ нь төрөөс бүх гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хууль баталсан нь төгрөгийн ханш өсөхөд нөлөөлсөн гэжээ. Харин ханш нь нэлээд суларсан мөнгөн тэмдэгтээр ам.доллар, евро орж сүүл мушгижээ. Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн бирж "жижигхэн хэдий ч" амжилтаараа дэлхийд тэргүүлжээ. "Bloombеrg"-ээр "Монголын хувьд Хятад хамгийн том худалдааны хамтрагч нь. Хятадын эдийн засаг хүчирхэг байж гэмээнэ нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ өснө. Энэ нь Монголын эдийн засаг хүчирхэгжинэ гэсэн үг. Мөн Монгол Улсын Засгийн газар олон улсын томоохон компаниудтай дэлхийд томд орох алт, зэсийн ордыг ашиглалтад оруулах гэрээнүүд байгуулсантай шууд холбоотой. Хэдийгээр 2009 онд Монголын хоёр томоохон арилжааны банк дампуурсан ч бусад банкуудын хувьд ихээхэн амжилттай жил байлаа." гэж олон улсын эдийн засагчид мэдэгджээ.
Мөн "The Economist" хэмээх сэтгүүлийн эдийн засгийн судалгааны хэлтэс хурдацтай хөгжих орнуудын жагсаалтыг гаргахад Монгол Улс нэлээд дээгүүрт орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 онд 12 хувийн өсөлттэй гарч "Азийн бар" болох ирээдүйтэй орон гэж үзжээ. Энэ бол үнэхээр таатай мэдээ гэхээс аргагүй.
Харин манай улсын эдийн засаг огцом өсөх нь хэрэгжүүлэх гэж буй томоохон төслүүд, өөрчлөлт хийхээр төлөвлөсөн ажлууд ямар шатанд гарч чадахаас шалтгаална. Хамгийн гол нь бидэнд өргөн боломж байна. Тухайлбал, монголчуудад бурхан тэнгэрээс оноож өгсөн нүүрс, зэс, алт, төмөр, гурил, махны чамгүй арван нөөц бий. Дэлхийн хэмжээнд эдгээр баялгийн хэрэгцээ буурна гэдэг ойлголт ойрын 50-100 жилд л лав байхгүй. Буурлаа, буурлаа гээд бидэнд байгаа энэ баялгаа монголчуудад борлуулах хангалттай зах зээл байгаа.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (2)

 
Tuesday, January 25, 2011

Гэнэт сэрсэн хүн мэт "Утаа май, гамшиг боллоо!!!" хэмээн дарга, даамал болгон л хашгиралдах болов. ""Утаанбаатар" хот болчихлоо хэмээн аль тэртээ 10 гаруй жилийн өмнөөс л нийслэлчүүд халаглацгаах болсон. Жил бүр л утааг бууруулахаар тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо хэмээн шуугиж байгаад хавар болохоор таг чиг болчихдог уламжлал тогтсон. Тэгээд дахиад л хүйтний эрч чангараад ирэхээр хотын утаа болохоо байлаа хэмээн шуугидаг нь улиг болсон. Харин энэ өнгөрсөн хугацаанд улаанбаатарчууд утааны хоронд идэгдсээр эрүүл мэндээрээ хохирсон гамшгийн түвшинд хүрчихээд байна. Энэхүү чимээгүй гамшигт аюулт тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл жил ирэх тусам өсч, олон хүнийг хорт хавдраар өвчлүүлэх үндэс суурийг нь тавьж өгч байгааг эмч, мэргэжилтнүүд сануулж, анхааруулсаар олон өвлийг үдлээ.
Харин энэ олон жил ярьж байгаа анхааруулга, сануулгыг төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Тэр ч байтугай утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжиж баяжсан албан тушаалтнууд ч бий. Тэдэнтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцдог эрх мэдэлтэн, алба, газар, яам огт байхгүй байсаар 2011 онд ч нийслэлчүүд утаандаа хахаж цацсаар явна.
Ерөнхийлөгч, өнөөдөр нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд байна! гэж анхааруулсаны дараа утааг тойрсон яриа гарч нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр гамшигт аюул болж Улаанбаатарыг нөмөрчихөөд байгааг яалтай. Тэгвэл Монгол Улс, эх оронд маань өнөөдөр утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрээд байгаа олон хурц асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Хамгийн их аюул гамшиг дагуулсан гамшиг нь байгаль орчны бохирдол, цөлжилт, усны хомсдол гэдгийг монгол хүн бүхэн хэлнэ. Бидний бодлогогүй хийсэн эрсдэлт алхам бүрийн цаана "Монгол хүн" хохирч, хэлмэгдээд байгааг яалтай.
Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа байж болно. Тэд үзэл бодлоо уралдуулж, ажил хэргийг эхлүүлэх ч ёстой. Харин ганцхан зүйл дээр нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Энэ бол үндэсний эрх ашиг хэмээх "Монгол хүн" бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн бүхэнд эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага байдаг. Уул уурхайгаас эхлээд ашиг орлого олох бүх үйл ажиллагаа болон хэн нэгний ашиг сонирхлын өмнө талд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал байх ёстой. Бүхнээс түрүүнд, хөгжлийн тэргүүн зэрэгт Монгол хүн, Монголын байгаль орчныг эрүүл, саруул байлгахыг л эрхэмлэх нь төрийн засгийн эрхэм үүрэг.
Гэтэл өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэчихээд байна. Тэргүүн зэрэгт байх ёстой эрүүл Монгол хүн ховордлоо. Уул уурхай, алт, нүүрс, эрдэс баялаг бидэнд үсрэнгүй хөгжил авчирна хэмээн өргөн уудам Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нутаг болгож орхилоо. Газар нутаг нь цөлжиж, амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд төрсөн нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг 10 жилийн дотор хоёр дахин өсгөлөө. Өнөөдөр Улаанбаатар хотыг XXI зууны орчин үеийн хот гэхээсээ дайжсан хүн амын бөөгнөрөлийн хуаран болгож орхилоо. Монгол Улсын нийт хүн амын тал нь болох нэг сая 200 мянга хол давсан иргэд нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан оршин суух болсон. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээж байдаг гэр хороололоор нийслэлээ дүүргэсэн нь үнэхээр хот гэж хэлэх аргагүй болгов. Улаанбаатарын гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн гэр, арзайж сарзайсан банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүдээс нэн тэргүүнд нялхас нь утаа, тоосонд өртөж амьсгалын замын өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн ихэнх нь хоёр сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүд. Энэ насны хүүхэд нь биеийн онцлогоос шалтгаалаад агаарын бохирдол, хуурайшилтад амьсгалын замын өвчнөөр илүүтэй өвддөгтэй холбоотой. Ер нь амьсгалын замаар халдвар авч эмнэлэгт хандах хүүхэд жил ирэх тусам өсч байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төв/ЭНЭШТ/-ийн амбулаторид 2004 онд үзүүлсэн хүүхдийн тоо 60 мянга байсан бол 2009 онд 136 мянга гаруй болжээ. Хүүхдийн клиникийн тасагт жилд 2200 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлдэг үүнээс 1800 нь амьсгалын замын өвчлөл буюу уушигний гуурсан эдийн агшилт, хатгалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн эмгэг, уушгины хавдар зэрэг бусад төрлийн эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлдэг. Бага насны хүүхэд, ялангуяа 3-5 насны хүүхэд нь харшлын гаралтай шуухинасан байдалтай, уушгиний завсарын эдийн эмгэг хатгалгаатай ирж байна гэж ЭНЭШТ-ийн Хүүхдийн дотрын клиникийн Амьсгалын зам, суулгалт өвчний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Гэрэлмаа хэлж байна. Агаарын бохирдлыг шууд мэдэрч өвчилж байгаа нь энэ балчирхан үрс. Харин хүүхэд, залуус, ахмад буурлуудаас эхлээд нийслэлийн цөөнгүй иргэд агаарын бохирдлоос үүдэлтэй ямар нэг өвчинг тээж яваа нь одоогоор чимээгүй байгаа ч ганц хоёр жилийн дараа илрэх нь гарцаагүй. Үүнийг Улаанбаатарт нүүрлэсэн утааны гамшиг гэхээс өөрөөр юу гэх билээ?
Ямар ч хэтийн төлөвлөлтгүй Улаанбаатар хотын ойрын ирээдүй маш бүрхэг байна. Ёстой нөгөө инерцээрээ л хөдөлж байгаа бөгөөд энэ бэрх зовлонгоо дааж ядсан амьтан болчихоод байна. Өргөн уудам нутагтай монголчуудыг нэг дор шавааралдуулан, амь тэмцүүлж байх ашиг сонирхол хаанаас бий болов! Бодох л асуудал. Өнөөдөр харийн үндэстэн дамнасан том компани, корпорциудаас эхлэн олз ашиг хайсан гадаад, дотоодын доншуурчид бидний эзгүйрсэн өргөн уудам газар нутаг, таны өсч төрсөн нутаг усыг тань орвонгоор нь эргүүлж, ухаж төнхөн элсэн цөл болгосоор байна.
Нийслэл хотдоо 6-7 аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд шилжин ирсэн. Тэр хэмжээ, цар хүрээгээр бидний нутаг орон эзгүйрч, тэнд хаанахын хэн гэгч дураар дургиж байгааг тааах аргагүй болов. Өргөн уудам газар нутагтай улс орны иргэд өнөө үед хамгийн баян чинээлэг байх боломжтой. Энэ нь бидний хамгийн том бөгөөд таатай нөхцөл, байдал гэж болно. Гэтэл өнөөдөр манай улсын аймаг, сумын төвийн тал нь эзгүйрч, хөдөө орон нутагт нь өвөлжөө, хаваржаа нь эзэнгүйдэж байгааг яалтай.
Төрийн бодлогоор орон нутагт өөрийгөө хөгжүүлэх бүх эрхийг нь өгөөд зогсохгүй санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хөхиүлэн дэмжих ёстой. Гэтэл нийслэлээс, Засгийн газраас, УИХ-аас аймгийн төсөв, санхүүг нь хөтөлж, эрхийг нь хязгаарлаж ирсэн нь орон нутгийг эзэнгүйдүүлэх нэгэн том хөшүүрэг болсон. Хүн бүхэн төрсөн орон нутагт нь Улаанбаатар хотод байдаг шиг хөгжилтэй, цахилгаантай, худалдаа үйлчилгээтэй, сургуультай, ажлын байртай байвал заавал нийслэлийг зорих гэхгүй л болов уу. Зам дагаж хөгжил гэдэг. Тэгвэл иргэний хувь, хишиг гэж үргүй зардал гаргаж ард иргэдээ түр зуур амь зогоох төдийгөөр хуурч байхын оронд, нэтэл орныг нь дэд бүтэц, зам харгуйтай, гэрэл цахилгаантай болгоход нь тэрбум тэрбумаар зарцуулж бүтээн босгож яагаад болохгүй гэж.
Монголчуудын төрсөн нутаг ус, газар шороо минь, алтан нутаг минь гээд байдаг нөгөө жалга довны үзэл, нутаг амь нь ийм хэврэгхэн гэж үү? Хот бараадаж суучихаад нутаг орноо харж үзэж байна гэж ганц нэг удаа очиж, суварга босгож, уул овоо тахиж, наадам хийж хурдан морь уралдуулж нутаг орноо талхалж байгаагаа эрхэм төрийн түшээд их том үйлс бүтээсэн мэт маадайх болсон нь өнөөдөр хэнд ч сонин биш болжээ. Харин ч нутгийн зон олноо доромжилж, дорд үзэх болсны илрэл бус уу? Таны өсч төрсөн нутгийн гол ус нь ширгэж, хатаж, хээр тал, уул толгод нь цөлжин гундаж, ой хөвч нь устаж бохирдож, үгүйрэн эзгүйрч байгааг нутгаасаа дайжсан монголчууд минь нэгийг эргэцүүлэн бодох цаг ирлээ. Өвөг дээдэс, аав ээжийн тань унаган нутаг эзэнгүйрчихээд байхад та хотын хүн болох гэж их хотын хог, үнс, утаан дунд ажилгүй, ая тухгүй манаргаж явах ч гэж дээ.
Гэхдээ энэ нь өнөөгийн төр засгийн буруу бодлогын үр дагавар. Бас таны ч буруу бий. Нутаг амьтай монголчууд минь! Улаанбаатар хотод аж амьдралаа дээшлүүлэх гэж ирсэн нутаг орноосоо дайжсан иргэддээ боломж олгоё. Нутаг усандаа очихыг хүсч байгаа иргэн, айл өрхөд төрөөс нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгож, илгээлт өвөрлүүлэн явуулах уриаг дэвшүүлэе! Өнөөдөр төрсөн нутгаасаа дайжсан монголчуудад аж амьдралаа өөд татах санхүүгийн эх үүсвэр, ажлын байрыг нь гаргаж өгвөл амьдралаа өөд татчих боломж, хувийн аж ахуй эрхлэх чадвар нь бий болсон. Ганцхан төрийн дэм, тус чухал байна. Хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэддээ /хээрийн нэмэгдэл гэдэг шиг/ тодорхой тэтгэлэг өгдөг болж урамшуулах ч ёстой. Нутгаа зорьж, төрсөн нутагтаа шинэ зууны хөгжил дэвшлийг аваачиж, ая тухтай, хангалуун сайхан амьдрах хөдөлгөөнийг "Монголоо" гэсэн эх оронч сэтгэлтэй монголчуудын дунд өрнүүлэе. Монгол Улс чинь ганц Улаанбаатар хот гэж боддог сэтгэлгээг өөрчилж, төрсөн нутаг орноо хөгжүүлэх үйлсэд нэгдэцгээе хүмүүсээ!
Өнөө үед хүн төрөлхтөн эрүүл, цэвэр орчинд аж төрөхийг хүсэх болсон. Тиймээс ч хаана цэвэр онгон байгаль, цэвэр агаар, ус байна тэнд хүн бүхэн очиж амьдрахыг тэмүүлж, тийм орчин нөхцлийг бий болгох гэж тэмцэж байна. Орчин үед техник технологийн хөгжил асар хурдацтай хувьсан өөрчлөгдөн хөгжиж байна. Тиймэ, мэдээлэл технологийн эрин үед бид аж төрж байгаа гэдгээ мартах ёсгүй. Тиймээс ч хүн төрөлхтөн алс холын эзгүй хээр талд ч орчин цагийн аж амьдралыг цогцлоон бий болгох болов. Харин хамгийн чухал нь эрүүл, цэвэр байгаль орчин, эрүүл хүнс, хоол, цэвэр ундны ус байхад л өнөөгийн хүмүүсийн урт удаан, амар тайван аж төрөхийн эх үндэс болсон гэдгийг хүн бүхэн мэддэг, мэдэрдэг болсон үе. Тэгэхээр төрсөн нутаг орондоо энэ бүхнийг цогцлоон бий болгох өргөн боломж хүн бүхний өмнө нээлттэй байна.
Шинэ зууны хоёр дахь 10 жилийн босгон дээр бидэнд өвөг дээдсээс минь үлдээсэн хүний хэрэгцээт арвин эрдэс баялаг, уудам газар нутаг нь байна. Харин цөөхөн монголчуудын хувьд энэ нөөц баялгаа хэрхэн зөв ашиглаж хөгжих вэ? гэдэг цоо шинэ хөгжлийн гараан дээр ирчихээд байгаа юм. Монголчууд хөгжин бадрах уу? уруудан доройтох уу ? гэдгийг шийдэх тун хариуцлагатай торгон зааг дээр зогсож байна. Монгол хүн бүхэн төдийгүй дэлхий дахин Монгол Улсыг мэдэрч, мэдрүүлсэн он жилүүд ирлээ. Бид энэхүү үсрэнгүй шинэ хөгжлийн замыг сонгосон түүхэн зорилтоо алсын хараатай зөв тодорхойлж хэрэгжүүлэх аваас Монгол Улсын иргэн бүхэн ажилтай, орлоготой, эрүүл энх, элбэг хангалуун амьдрах бүх таатай нөхцөл бий болов. Харин бид хөгжилд хүрэх замыг заасан олон гарцаас хамгийн зөвийг нь сонгох ёстой. Энэ бүх хөгжлийн эхэнд нь Монгол хүн, байгаль орчин, газар нутаг, гол усаа хамгаалалтандаа авах учиртай. Нутаг амьтай монголчууд минь утаа дагуулсан нийслэлээсээ дайжин холдож төрсөн нутаг, усандаа очиж орон нутгаа хөгжүүлэе!
Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдэд огцом өсөх нь хэрэгжүүлэх гэж буй томоохон төслүүд болон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн ажлуудаа хамгийн ашигтай боломжит шатанд гарч чадах эсэхээс шалтгаална. Хамгийн гол нь бидэнд хөгжил, дэвшилд хүрэх өргөн боломж байна.
Д.Өлзийсайхан

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

"Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгvй байх явдал"
                     Күнз 
  Монгол Улсыг залуусын орон гэдэг. Тиймээ, хүн амынх нь 35 хувь буюу 950 мянга орчим нь 18-39 насны залуучууд байна. Тэд улс орныхоо эзэн нь байх хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Монгол Улсаа хөгжүүлэх хамгийн том хөдөлгөгч хүч нь энэ л насны залуус. Харин тэд өнөөдөр яг ямар шуу амьдарч, ажиллаж, суралцаж байгаа бол? 
  Энэ талаар монголчууд өөр өөр хариулт өгөх нь тодорхой. Тийм ч байх учиртай. Хүн бүр л өөр өөрийн үзэл бодол, харж байгаа өнцөгөөсөө нэгийг хэлж, дүгнэлт өгөх бизээ... Харин тэдний цөөнгүй нь бараг 60-70 хувь нь тааруухан үнэлгээ өгөх болов уу? Тиймээ, өнөө үеийн залуусын олонхи нь эцэг эхийнхээ асрамжинд нялхарч, бие даах чадваргүй, авах ёстой мэт өдөр хоногийг аргацаан амьдрах болсныг яалтай.
  Өнөөдөр ямар ч зорилгогүй залуус олширч байгааг манай нийгэмд гарч буй олон сөрөг үр дагаврууд нотлон харуулж байна. Зөвхөн өнөөдрийг харж, ирээдүйн амьдралаа үгүй хийж эд материал, зугаа цэнгэлийг урьтал болгодог сэтгэлгээ залуу үеийнхнийг байлдан дагуулах болов. Хүүхэд залуус компютер тоглоомд донтож, архи, тамхийг шүтэж хулгай, дээрэм үйлдэх нь нийгмийг цочроох болсоор удаж байгааг нуух аргагүй.
  Үүний буруутан нь хэн бэ? гэж эрэх шаардлага огтхон ч байхгүй. Бид бүгдээрээ буруутан нь, монголчуудын, монгол төрийн сэтгэлгээний гажиг тогтолцооны үр дүнд бид ийм нөхцөл, байдлыг бий болгосон. Мөнгө, эрх мэдлийн төлөөх увайгүй, харалган өрсөлдөөний шуурганд залуу үеийнхэн хэлмэгдсээр байгаа юм. Үүний үр дүн нь улс орны ирээдүйн хөгжлийн хурдыг сааруулж байна. Яагаад залуус сургуульд ирж очиж байгаагаа сурч, боловсорч байгаа мэтээр төсөөлөх болов, яагаад баар, цэнгээний газрыг сонгох болов, яагаад хууль хэрэгжүүлж мэдэхгүй болов! 
  Монгол хүний уудам тал нутаг шигээ задгай сэтгэж чаддаг онцлог давуу чанарыг архи хэмээх зүйл орвонгоор өөрчлөхөөр гэрлийн хурдаар улс орныг минь нөмрөөд байна. Архинд ховсдуулсан монголчууд байлгахыг гадаад талаас ч дэмжиж байгаа, дотоодын мөнгө хүүлэгчид ч хүч хавсарч байгаа. Монголд өнөөдрийн байдлаар 200 гаруй архи, спиртийн үйлдвэр бий. Спирт, архи, шар айраг үйлдвэрлэдэг энэ олон аж ахуйн нэгжүүд жилдээ 50-60 сая литр архийг зах зээлд нийлүүлдэгээс 10 хүрэхгүй хувь нь л экспортоор гардаг. Мөн 20-25 сая литр согтууруулах ундаа хил, гаалиар импортоор орж ирдэг. Энэ бол ил байгаа тоо баримт. Тэгвэл татвараас нуусан олон зуун литр архи, спирт байж л байгаа. Хуурамч спирт, архи нийслэлийн захын хороололуудаас эхлээд хөдөө, орон нутагт өөрийн хэрэглэгчдэд өдөр бүр хүрч, ядмагхан монголчуудынхаа оюун, сэтгэлгээг хордуулсаар л байна.
Хүнлэг бус өнөөгийн манай нийгэмд худалдаж авч болох бүх зүйлийг хуурамчаар хийж, дуурайлгаж байгаа гэвэл хэн ч маргахгүй болов уу. Ийм цөвүүн цаг үед монгол хүн та, өөрөө л бүхнээс түрүүнд алд биеэ хайрлаж, өөрийнхөө эрүүл мэндийг бодох ёстой бус уу?
   Монгол Улсад хот хөдөөгүй бүх шатны салбар, нэгжид аалзны тор мэт сүлэлдсэн авлига хээл хахуулын сүлжээ бий болсон нь бас л бидний оюун, сэтгэлгээний том гажуудлын нэг илэрхийлэл юм. Үүний нэг томоохон бодит жишээ болж, авлигачдыг үлгэрлэн манлайлагч нь Монгол үндэсний бөх гэвэл олон хүн санал нийлэх болов уу. Үндэсний бөхийн дэвжээ, даваа наймаалцдаг зах болсон нь гашуун ч гэсэн үнэн. Залуу бөхчүүд аймаг, улсын наадмаас цол хүртлээ гэдэг. Харин үүнтэй зэрэгцээд тэр бөхөд төдөн төгрөг өгч байж начин боллоо гэсэн яриа гараад ирнэ. Аймгийн начин болоход нэг сая төгрөгийн ханштай гэж байгаа. Улсын начин наадмаар гоёх дээлийнхээ мөнгийг олоод ирсэн нь энэ. Монгол наадмын дүр зураг ийм л байна. Хотол олноороо дээдлэн хүндэтгэдэг бөхчүүдийн энэ шударга бус байдалд хэзээ цэг тавих юм бол...
  Мөнгөний төлөө чөтгөртэй нийлэхээс ч буцахгүй болсон цөөнгүй залуус эрх мэдэл, алба тушаалд шунан дурлаж, нутгархах, жалга довны үзлээр бүрэн зэвсэглэж олгиархиудын сүлжээг өргөтгөх болов. Өнөөдөр энэ сүлжээ нь улс төрийн намуудаа удирдан жолоодоод байна уу гэлтэй.
  Тиймээ, иргэдээ арчаагүй, хүлцэнгүй байлгах бодлого монголчуудаа доромжлон гутаасаар байна. Хөгжлийн тушаа болсон төрийн түшээ хэмээх эрхэм хүндтэй нэр зүүсэн дүрээ хувилгасан авлигачдаас салахад эрүүл саруул , аливааг эрэлхийлсэн шинэлэг оюун сэтгэлгээ хамгаас чухал байна. Угаас нүүдэлчин сэтгэлгээтэй монголчуудын уужим задгай бодол сэтгэлгээ нь ийм замыг сонгоход хүргэв үү?  Үгүй л болов уу, харин бидний оюун сэтгэлгээндээ цоо шинэ, эрүүл цэвэр агаар оруулах хэрэгтэй болсныг илтгэж байна. Нутгархдаг, жалга довны үзлээс монголчууд минь даруйхан салж зөвхөн Монголын ирээдүйн сайн сайхан хөгжлийн төлөө нэгдэцгээе.
  Хамгаас хүчтэй аюул дагуулсан сэтгэл зүрхгүй болчихсон өнөөгийн бидний нийгмийн энэ бусармаг сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх нь Монгол Улсын эн тэргүүний зорилт, хэрэгжүүлэх ёстой ажил болоод байна.
          "Хөгжил Монголоос"             
            "Зорилгоос буцах зам мянга, харин түүн рүү хөтлөх зам ганцхан байдаг"
                     Монтень
 Тиймээ, уламжлал нэрийн дор бид хуучинсаг сэтгэлгээгээр амьдрах нь хөгжлийн гарц биш гэдгийг орчин цагийн олон монгол хүн ойлгож шинэ зам, мөр гаргахыг хичээх болсон нь үнэхээр бахархууштай. Хөгжил нь ямагт шинийг хайж, эрэлхийлэхийн зэрэгцээ уламжлалаа улам төгөлдөржүүлэн хадгалж ирсэн байдаг. Хөгжлийн мөн чанар нь энэ зарчим, хэмнэлээс нэг их гажихгүй болов уу.
   Өнөөдөр хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага нь аливааг хүний сайн сайхны төлөө шинэчлэн сайжруулж боловсронгүй, төгс төгөлдөр болгохыг эрмэлзэж байгаа юм. Монгол Улс, монголчууд ч энэ чиг хандлагыг эрхэмлэсэн оюун сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө байх ёстой. Харин бид өөрийн давуу чанараа ашиглан өөрөөр сэтгэж, манлайлагч байж яагаад болохгүй гэж. Тухайлбал, технологи, дэд бүтэц, эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орны иргэд гутранги үзэл давамгайлсан байдгийг олон жишээ, баримт нотолдог. Энэ чанар нь тэднийг эрх чөлөөтэй, задгай сэтгэн бодоход нь ямагт чөдөр тушаа болоод байна уу гэлтэй. Тэгвэл монголчууд бид аливааг ямагт өөдрөг сэтгэлээр задгай чөлөөтэй сэтгэж чаддаг. Энэ чанар нь нөгөөх л нүүдэлчин ген, сэтгэлгээнд байгаа хэрэг. Энэ бол бидний хамгийн том давуу тал юм.  Хүсэл тэмүүллээр дүүрэн хүн заавал амжилтанд хүрдэг.
  Монголыг бусад орнуудтай харьцуулсан нэгэн судалгаа биднийг их өөдрөг гэдгийг баталж байна. Энэ бол жаргалтай байдлын судалгаа бөгөөд зорилго нь аль улсын иргэн хамгийн аз жаргалтай болохыг тодруулах байж. Өнөөдөр Монголчуудын амьдрал хэцүү байгаа нь бодит үнэн. Амьжиргааны түвшин харьцангуй доогуур ядуу гэж болно, бас улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй, хүн амьдрах эрүүл орчин, нөхцөл байдал туйлын хангалтгүй шүү дээ. Гэвч Монголчууд уг судалгаанд "Сайхан амьдарна даа" , "Жаргалтай болно доо" гэсэн хариулт өгсөн байна. Монгол хүний амирлангүй, хүсч мөрөөддөг сэтгэлгээний хүч энд харагдаж байна. Тэгээд уг судалгаагаар хамгийн аз жаргалтай гэсэн үзүүлэлтийг Монгол Улсын иргэд авсан байна. "Болно доо", "Бүтнэ дээ" гэдэг хэнэггүй монгол хүний зан нь нэг талдаа тухайн хүндээ гэрэл гэгээ, эрч хүчийг авчирдаг юм шиг. Монгол сэтгэлгээний мөн чанар нь энэ ч байж мэднэ.
  Харин монголчууд бусдаас хол тасарсан сэтгэлгээтэй гэх нь өрөөсгөл ойлголт юм. Гэхдээ бидэнд бусдын адил сэтгэж, хийж, хэрэгжүүлж чадах чадамж, нөөц боломж байгаа гэдгийг онцлох байна. Тэгэхээр өнөөгийн манай нийгэмд газар авч үсэрхийлж байгаа сэтгэлгээний ядуурлыг бид засч, анагаах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Энэ нь бидний өдөр тутмын амьдралын зүй зохисгүй хэв маяг, буруу дадал зуршилд оршиж байна. Хүн бүхэн тарьсан хогоо хогийн саванд хийдэг, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журмыг нь баримталдаг, харилцан бие биенээ хүндэтгэдэг гэх мэт наад захын баримтлах ёстой соёл, ухамсарт сэтгэлгээнээс эхлэх ёстой. "Хэнэггүй, хээгүй монгол" гэдэг нэрийн дор нийгмийн ёс зүй, хэм хэмнэлийг алдагдуулж, хөндлөнгөөс бусдын эрх ашигт бүдүүлгээр халдаж байгаа нь бидний хамгийн том алдаа. Энэ зүй зохисгүй, хууль, журам зөрчдөг ялихгүй мэт аяг зан, дадал зуршил нь бидний оюун сэтгэлгээний гажуудалд орсон болохыг илтгэдэг. Энэ бүхэн нь энгийн мэт зүйл боловч хүн байхын утга учрыг хөсөрдүүлж, хүний эрх, эрх чөлөөнд  халдаж байгаа хэрэг. Жижигхэн мэт энэ зүй бус үйлдэл нь улам даамжирч зөвхөн амин хувиа хичээсэн үзэл бодлыг дэврээж , шунал, хүчирхийлэл, эрх мэдлийн төлөөх өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүсийг бий болгох үндэс суурийг тавьж байна.
  Хүнлэг ёс суртахууныг төлөвшүүлэх үйл хэргийг боловсрол олгож байгаа бүх шатны байгууллага эн тэргүүний зорилт болгож хэрэгжүүлэх ёстой. Ёс суртахууны хүмүүжил, сэтгэлгээтэй байж олж авсан мэдлэг боловсрол, мэргэжлээ хүний сайн сайхны төлөө хэрэглэх төгс зэвсэг болгож чадна гэдгийг мартаад байх шиг.
  Нүүдэлчин сэтгэлгээтэй монголчууд маань хэзээ суурин соёл иргэншлийн сэтгэлгээтэй болох бол гээд хүлээгээд л байх уу... Нийгмийн хөгжлийн хурд биднийг өөрчилж шинэ үеийн монголчууд төлөвшин бүрэлдэж байна. Сэтгэлгээ ч энэ хурдаар өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор өөрт байгаа давуу байдлаа ашиглан үйлдвэрлэж, ногоо, тариалан эрхэлж өөрийгөө хангаж яагаад болохгүй гэж? Бас бусдад илүүчилдэг ч болмоор байна. Харин өөрт байхгүй дутуу байгаа бүхнийгээ бусдаас авч ашигладаг. Хамтарч бүтээн босгодог, тэгш эрхтэй хамтын ажиллагааг хэнтэй ч хэрэгжүүлж чаддаг болохын төлөө урагшаа. Жалга довны, амин хувиа хичээсэн хязгаарлагдмал үзлийг устгая!!! Эн тэргүүнд биднийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгөх "Хөгжил Монголоос" гэсэн уриаг дэвшүүлж ажиллаж амьдаръя. Монгол Улсын иргэн бүр энэхүү уриагаа эрхэмлэн дагаж мөрдөн  хэрэгжүүлье.
Д.Өлзийсайхан  

 Thursday, September 29, 2011

 

 

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)